Монголд гепатитын халдвартай 700 мянга гаруй хүн бий гэх албан бус статистик байдаг. Үүний 450 мянга нь элэгний С вирустэй. Эрүүл мэнд, спортын яамныхан С вирусийг эмчлэх харвони эмийг ирэх сарын сүүлчээр Монголд оруулж ирэхээр болоод буй. Харин иргэд элэгний В, С вирусээ харьяа дүүргийнхээ эмнэлэгт, орон нутгийнхан аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт хандан, шинжлүүлнэ. Хэрвээ С вирустэй нь тогтоогдвол ХӨСҮТ, Улсын I, II, III төв эмнэлэг, аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлэгтээ хандан бүртгүүлэх учиртай. Эмч нар хүмүүсийн мэдээллийг эмийн компани руу илгээсний дараа иргэд итгэмжлэгдсэн лабораторид С вирусээ дахин тоолуулах юм байна. Ингэж гэмээ нь эмийн хөнгөлөлтөд хамрагдах, эсэх нь тодорхой болох аж. Гэхдээ С вирус шинжлэх лабораториуд тодорхой болоогүй байна. Өдгөө С вирусийн шинжилгээ хийх хүсэлтэй 10 орчим лаборатори ХӨСҮТ-д хүсэлтээ ирүүлснээс олонх нь хувийн эмнэлгийнх аж. ХӨСҮТ эдгээр лабораторийг шинжилж, нэрсийг нь өнөө, маргаашгүй олон нийтэд зарлах юм байна.