УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, БЗД-ийн засаг дарга Д.Пүрэвдаваа болон албаны бусад хүмүүс хичээлийн шинэ жилийг тохиолдуулан өнөөдөр Баянзүрх, Налайх дүүргийн I-II ангийн 10 мянган хүүхдийн төлөөлөл болох 100 гаруй хүүхдэд хичээлийн хэрэгсэл, ширээний цаг гардууллаа.
2015-2016 оны хичээлийн шинэ жилд Улаанбаатар хотын хэмжээнд 25 мянга орчим хүүхэд сургуулийн алтан босгоор алхаж нэгдүгээр ангид элсэн орж байна. Үүнээс Баянзүрх дүүрэгт таван мянга гаруй, Налайх дүүрэгт нэг мянга орчим хүүхэд 1-р ангид элсэн орж байгаа юм байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганхуяг хүүхдүүдэд хичээлийн шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлж, сурлагын өндөр амжилт хүсээд "Хүүхэд, багачууд та бүхэн сайхан Монгол орны ирээдүйн хөгжлийн түүчээ нь юм. Цаг хугацаа нь байгалиас хүн бүрт тэгш оногддог бэлэг Гэсэн ч цаг хугацаа бол хамгийн үнэ цэнэтэй зүйл. Энэ цаг хугацааг үр дүнтэй ашиглаж сурсан хүн зорилгодоо түрүүлж хүрдэг, амжилт нь ч өндөр байдаг. Тиймээс хүүхдүүд та нарыгаа цагийг үр дүнтэй, бүтээлчээр ашиглаж, хичээл сургуульдаа өндөр амжилт гаргаж "Зөв Хүүхэд" болон төлөвшихийг бэлгэшээж ширээний цаг бэлэглэж байна" хэмээн хэлсэн юм.