
Ирээдүйд бетонон хот биш “амьд модон” суурин сүндэрлэнэ
Голландын уран барилгач Raimond-де-Hullu барилга архитектурын цоо шинэ түвшинд, бүхэлдээ байгаль орчинд ээлтэй хотыг бүтээх ажилд ханцуй шамлан оржээ.Ирээдүйн энэ хотын иргэн эрчим хүчний хэмнэлттэй чийдэн, бага хэмжээний эрчим хүч зарцуулах тоног төхөөрөмж худалдаж авах шаардлагагүй болох нь.Цемент, бетоноор “хучигдсан” хот суурин газар “ой модон хот”-д халаагаа өгөх шинэ санаа олсон бөгөөд ирээдүйн хотын төслөө Oas1s гэж нэрлэжээ.Зохион бүтээгчийн төрсөн нутаг болох Голландын өмнөд хэсгийн үзэсгэлэнт байгаль түүнд ирээдүйн “ой модон хот”-ын загварыг урьдчилан дотроо зурж, харах оргилуун мэдрэмжийн үүдийг нээж өгчээ.Ирээдүйн хотын оршин суугчид нарны эрчим хүчийг шингээж авсан самбараас цахилгаан эрчим хүчнийхээ хэрэгцээг бүрэн хангана. Мөн хог хаягдлыг боловсруулж, борооны усыг хураан эргэн ашиглах, “өтгөн”-ийг шууд бордоо болгох 00-той, усны шүүлтүүрийг шийдсэн ухаалаг байранд аж төрөх юм байна. Oas1s байшингийн дотоод болон гаднах загвар модны ерөнхий бүтцийг дуурайсан байх бөгөөд гэртээ байгаа боловч байгальд байгаа мэт таатай мэдрэмж төрүүлэхийг зорьжээ. Барилгын үндсэн хэлбэр нь тэгш өнцөгт бүхий гадна талаараа ургамлаар хучигдсан байх нь. Цаасан дээр “баригдаж” байгаа энэхүү эко хот инженерчлэлийн нөр их хөдөлмөрийг шингээсэн байх нь.Зохион бүтээгч “модон” орон сууцийг хүн болгон худалдан авах боломжтой байлгахыг юунаас ч илүү хүсэж байгаа болов ч одоогийн байдлаар зөвхөн айл болгонд тавигдах нарны эрчим хүчийг хураах хавтан л гэхэд зах зээлд 10.000 ам.доллараас дээш үнэтэй байдаг аж. Иймээс ирээдүйн хотын бүтээхээр зорьж буй багийнхан “Газрын итгэлцүүр” гэсэн нийгэмлэг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Хүн байгаль хоёрыг ойртуулах ирээдүйн “ой модон хот”-ын газар болон эко байшинг эзэмших зардлыг аль болох багасгахын тулд тэд энэ нийгэмлэгээрээ дамжуулан олон төрлийн нарийн судалгаа явуулж байгаа юм байна.
