Монгол Улсын Ерөнхийлөгч 1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 70 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх зарлиг энэ онд гаргасан. Ялалтын баярын уухай наран ургах нутгаас эхэлсэн бол наймдугаар сарын 28-нд нийслэлчүүд энэхүү ойг тэмдэглэсэн юм.
Тэгвэл өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалахын төлөө амь хайргүй тэмцэж явсан ахмад дайчдыг төрийн дээд одон медалиар шагналаа. Нийт 235 ахмад дайчны энгэрийг мялаах юм.
Үүнээс Сүхбаатарын одон дөрөв, Цэргийн гавьяаны улаан тугийн одон 68, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 35, Цэргийн гавьяаны одон 85, Алтангадас одонгоор 43 ахмадыг шагнана. Тэдний төлөөлөл 19 ахмад дайчныг өчигдөр Батлан хамгаалахын яаманд хүлээн авч, одон медалийг нь зүүж өгөв.
Үлдсэн ахмад дайчдын одон медалийг нийслэлийн дүүргүүд болон аймгуудын захиргааны байгууллагаас гардуулан өгөх аж. 1945 оны Чөлөөлөх дайнд Монголын зэвсэгт хүчний 21 мянган цэрэг эр оролцжээ. Өдгөө 1939-1945 оны хоёр дайнд оролцсон 15, 1945 оны дайнд оролцсон 332 ахмад дайчин амьд сэрүүн байдаг юм байна.
Тэдний хамгийн ахмад нь 102 настай бол залуу нь 90-тэй. Эдгээр бууралд хүндэтгэл үзүүлэн, шагнал гардуулах үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улс идэр насны залуучуудаа цэрэгт дайчлан татаж, үйлдвэр, аж ахуйн ажилчид ээлжийн амралтгүйгээр ажиллан, ялалтын төлөө зүтгэснийг онцлов.
Мөн тэрбээр “1945 оны долдугаар сарын эхээр БНМАУ-ын Ерөнхий сайд Х.Чойбалсан ЗХУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа үед Японы эсрэг Холбоотнуудын хийх дайнд БНМАУ-ын цэрэг ЗХУ-ын Улаан армитай хамт оролцох санал хүлээн авчээ.
Тэрбээр, түрэмгий дайсны эсрэг дайнд оролцох нь манай улсын хувьд эх орныхоо тусгаар тогтносон бүрэн эрхт байдлыг бататгах төдийгүй бүх нийтийн энх тайвны үйлсэд хувь нэмэр оруулж буй явдал гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. БНМАУ 1945 оны наймдугаар сарын 10-ны өдөр Японд дайн зарлаж, Чөлөөлөх дайны ажиллагаанд оролцсон.
Монголын түүхнээ “Чөлөөлөх дайн” хэмээн нэрлэгдсэн “Манжуурын стратегийн давших операци”-д Монгол ардын хувьсгалт цэргийн дөрвөн морьт дивиз, мотомеханикжуулсан VII хуягт бригад, нисэх дивиз, их буу, холбоо, танкийн тусгай хороод болон Хилийн цэргийн найман хөдөлгөөнт отряд, Дотоод явдлын яамны Улсыг аюулаас хамгаалах байгууллагын тусгай бүлэг, Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отряд нийт 24.000 орчим хүний бие бүрэлдэхүүнтэйгээр оролцсон байна.
БНМАУ-ын зэвсэгт хүчний цэрэг дайчид Долоннуур-Жэхэ, Хаалганы чиглэлд байгаль, цаг уурын хүнд бэрх нөхцөлд 1000 гаруй км замыг богино хугацаанд туулан давшиж, байлдааны үүргээ амжилттай биелүүлсэн юм” гэв.
Дарийн утаа суунагласан гэхээс өөрөөр дайны тухай төсөөлөлгүй надад үхэл амьдралын заагт тэмцэлдэж явсан тэдний яриа үлгэр домог мэт санагддаг. Эргээд балчир хүүхэд мэт болсон тэд энгэр дүүрэн одон медалиараа сайрхахаас илүү тухайн үеийн баатарлаг түүхээ ярих дуртай юм билээ.
“Тэр үед би” гэж ирээд л ам уралдан хуучлах ахмад дайчдаас төлөөлөн болгон Сүхбаатарын одонгоор шагнуулсан Амгалангийн Дорж, Цэргийн гавьяаны одонгоор энгэрээ мялаасан Рэнцэнхандын Даш гуай нарын сэтгэгдлийг сонслоо.
А.ДОРЖ: ӨДИЙ ХҮРТЭЛ АМЬД БАЙГАА НЬ АРМИЙН МИНЬ АЧ БУЯН
-Төрийн тэргүүнээсээ Сүхбаатарын одон хүртсэндээ маш их баяртай байна. Би 1924 онд Баянхонгор аймагт төрсөн. Одоо 91 нас хүрээд байна. Монголын армид 42, барилгын цэрэг хэмээх их айлд 37 жил алба хааж, цэргээс нь хурандаа, байлдагчаас нь бага дарга хүртэл дэвшлээ.
Сүүлд нь барилгын цэргийн орлогч дарга гэсэн албан тушаал хашсан. Өдий хүртэл амьд яваа нь армийн минь надад өгсөн ач буян. Хамт ажиллаж байсан офицер, алба хаагчдадаа баяр хүргэж мэхийн ёсолъё.
Р.ДАШ: ТАВАН ЖИЛ ЦЭРГИЙН АЛБА ХААСАН
-Байшинтын VII морьт дивиз, Өргөө гурван толгой гэдэг газар таван жил цэргийн алба хаасан. Эх орноосоо тушаал авч, ухаа хонгор мориороо Монгол Улсын Дархан хил давж байлаа. Өвөрмонголын нутаг, Жанчхүүгийн даваа гээд ирэх, очихын 2000 гаруй км зам туулжээ.
Дайны хүнд хэцүүг мориныхоо хүчээр л даван гарсан гэв. Өтөл буурал болсон ч эх орондоо 18-тай хөвгүүд нь хэвээр үлдсэн тэдний гавьяа энэ цагт ч, ирээдүй хойчид ч үл мартагдах биз ээ.
Ч.БОЛОРТУЯА