“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцдаа албан тушаалаа ашиглан, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдсон Л.Гансүх тэргүүтэй хүнийг шүүх хурал маргааш Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.
Өмнө нь энэ хэргийн шүүх хурал гэрч, хохирогч, шинжээч нар ирээгүй, өмгөөлөгчийн шүүх хурал давхацсан гэх шалтгаанаар хоёр ч удаа хойшилсон билээ.
Харин энэ удаа шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтээ Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нарт илэрхийлжээ.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 235.1-т “Төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах болон насанд хүрээгүй этгээдэд холбогдох хэрэг хянан шийдвэрлэхээс бусад бүх шатны шүүх хуралдааныг нээлттэй явуулна” гэж заасан. Үүнийг баримтлан, шүүх хуралдааныг нээлттэй явуулаач гэж Дархан- Уул аймгийн 3200, нийслэлийн 2000 орчим иргэн хүсэлт ирүүлсэн гэнэ.
Мөн өмгөөлөгч Ц.Баасандоржийн хэлж буйгаар Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа хэт нэг талыг барьж, мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн, хязгаарласан, нэр хүндийг гутаан доромжилсон, захидал харилцааны нууцад халдсан ноцтой зөрчил гаргасан гэв.
Түүнчлэн АТГ гэрчүүдийг хөтлөх, тулгах хэлбэрээр байцаасан, энэ хэрэг дээр ажиллаж буй шинжээч нар өөрт хамааралгүй, хуулиар эрх нь олгогдоогүй асуудлаар худал дүгнэлт гаргасан гэж хардаж байгаа аж. Ц.Баасандорж “Шүүх хурлыг нээлттэй явуулснаар АТГ мөрдөн байцаалтын явцад хэрхэн хууль зөрчсөн, шинжээчийн дүгнэлтийг хуурамчаар бүрдүүлсэн зэрэг зөрчил ил болно.
Мөн хэргийг хуудуутай шийдвэрлэж, Л.Гансүхийг буруутан болгох зорилго АТГ, нийслэлийн Прокурорын газарт бий гэх хардлага шүүгдэгч талд бий. Иймээс үнэн бодит байдлыг илчилж, Л.Гансүхийг буруугүй гэдгийг нотлохын тулд шүүх хурлыг нээлттэй явуулахыг хүсэж байна.
Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нар татгалзаагүй, харин ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулах хүсэлтэй байгаагаа уламжилсан. Хэрэв хурлыг хаалттай, нууц байдлаар явуулбал нөлөө орох эрсдэлтэй. Үүнээс болгоомжилж байна. Мөн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг шүүх хуралд гэрчээр оролцох бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулъя гэх саналыг дэмжсэн” гэж ярив.
Х.АЗЖАРГАЛ