Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай шинэ хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэлж буй. Явган зорчигчид гарцаар зам хөндлөн гарахгүй бол 19200 төгрөгөөр торгож, автомашинд сууж буй зорчигчид аюулгүйн бүсээ зүүхгүй бол мөн адил торгохоор шинэ хуулинд тусгасан. Зорчигчдын аюулгүй байдлын мөрдлөг болсон дээрх үйлдлүүдийг хэвшүүлэх зорилготой хуулийг дэмжиж, мөн хичээлийн шинэ жилийн нээлт болж, сурагчид замын хөдөлгөөнд оролцож замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг эл өдөр хүүхдийн эрхийн төлөөх “Лантуу хүү” бүлгэмийн залуус сайн дураар нэг өдрийн турш замын хөдөлгөөний сайн дурын зохицуулагчаар ажиллалаа.
Тэд “Өөрсдөө үлгэрлэе” уриатай арга хэмжээний үеэр “Та аюулгүйн бүсээ зүүсэн үү”, “10 хором биднийг хүлээгээрэй” зурагт хуудас барьж дунд сургуулиудын ойролцоох замын гарцан дээр зогсож, сурагчдад зам хөндлөн гарахад нь тусалж, жолооч явган зорчигчдод замын хөдөлгөөний дүрмээ баримталж, хүүхдүүддээ өөрсдөө үлгэрлэн, болзошгүй аюулаас хамгаалахыг уриаллаа.