Өвөлд бэлтгэх ажлын хүрээнд өдгөө 120.000 тонн өвс, 261.1 тонн гар тэжээл зэхээд байгаа аж. Энэ нь төлөвлөсөн хэмжээний 10 хувь гэнэ. Энэ жил нутгийн төв хэсгээр гандуу, зуншлага тааруу байсан нь хадлан, тэжээл бэлдэхэд багагүй хүндрэл учруулсан.
Тиймээс Засгийн газраас гантай байсан Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Архангай аймгийг Дорнод аймагт 500 га, Сүхбаатар, Хэнтий аймагт 135 га талбайгаас хадлан бэлтгэх тогтоол гаргасан юм. Дээрх аймгуудаас одоогоор Дорнодод 60, Сүхбаатарт 50, Хэнтий аймагт хадлангийн 20 гаруй салаа гэрээний дагуу ажиллаж буй аж.
Энэ намрын ургацын урьдчилсан балансаас үзэхэд гурилын үйлдвэрүүдэд шилжиж буй улаан буудайнаас 58.000 тонн хивэг, 12.600 тонн багсармал тэжээл, 53.000 тонн ногоон тэжээл нийлүүлэхээр байгаа нь малын хүчит тэжээлээр дотоодын хэрэглээг хангах бүрэн боломжтойг харуулж буй гэнэ.
Өвөлжилтийн бэлтгэлийг хангах зорилтын хүрээнд улсын хэмжээнд хадуур, тармуур бүхий дугуйт 5529 трактор, 1100 морин хадуур, тармуур, гар болон хөдөлгөөнт 15.000 хадуур, 470 хаман боогчоор хадлан хадаж байгаа юм.
Харин бэлчээрийн даацын тухайд Цаг уурын хүрээлэнгээс баг тус бүрээр тооцоолон гаргасан мэдээллээс харахад, ирэх өвөл, хавар нийт нутгийн 60 хувьд бэлчээр хүрэлцээтэй, 40 хувьд даац хэтрэх аж.
Олон дахин даац хэтэрсэн Увс, Баян-Өлгий, Архангай, Өвөрхангай, Булган, Баянхонгор аймгийн ихэнх сум, Ховд, ГовьАлтай, Хөвсгөл, Төв, Хэнтийн зарим сумын малчид эртнээс отор, нүүдлээ зохицуулах, өвөлжих малынхаа тоог цөөлөх, хадлан тэжээлээ хангалттай бэлдэх шаардлагатай аж.
Цаг агаарын төлөв байдлын хувьд, өнөөдөр баруун зүгийн нутгаар, маргааш баруун болон төвийн нутаг, говийн нутгийн баруун хэсгээр, энэ сарын 4-нд нутгийн зүүн хагаст бороотой.
Агаарын температур уулархаг нутгаар шөнөдөө 1-6, өдөртөө 14-19 градус болж сэрүүсэх тул хадлангаа энэ сарын 15-наас хэтрүүлэлгүй хадаж дуусгах шаардлагатай юм байна.
Ч.МӨНХ