Булган аймгийн Онцгой байдлын газар аливаа гамшгийг урьдчилан мэдэж, ард иргэдэд зарлан мэдээлэх дохио дамжуулах дэвшилтэт олон үйлдэл бүхий өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжтэй боллоо. Энэхүү төхөөрөмжөөр зөвхөн гамшгийн үеийн зарлан мэдээллийн дохио дамжуулахаас гадна сэрэмжлүүлэг түгээх боломжтой. Сүүлийн үеийн иж бүрэн эл тоног төхөөрөмж нийт 162 сая төгрөгийн үнэтэй аж.
БНСУ-ын “Эй Энд Ди” компанийн мэргэжилтнүүд Булган аймагт очиж, дээрх тоног төхөөрөмжийг аймгийн удирдлага, Онцгой байдлын газрынханд гардуулан газар дээр нь суурилуулахад тусалжээ. Тус төхөөрөмж аливаа мэдээллийг бүрэн боловсруулахад 37 секунд зарцуулдаг юм байна. Үүний дараах 23 секундэд арга хэмжээ авах бүрэн боломжтойг албаны хүн онцолж байсан юм. Одоогоор Булганаас өөр аймагт ийм дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж суурилуулаагүй байгаа аж.