МОХ Нийслэлийн засаг даргын хууль тогтоомж зөрчсөн, алдаатай шийдвэрүүд гаргасан гэж үзэж байгаа учраас Хотын дарга Э.Бат-Үүл болон зарим албан тушаалтныг захиргааны хэргийн шүүхэд өгчээ.
Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ зайлшгүй зорчих шаардлагатай оюутныг нөхөн олговроор зорчуулах асуудлыг Монгол Улсын Авто тээврийн тухай хууль, Боловсролын тухай хууль, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар баталж, баталгаажуулсан байдаг бөгөөд оюутан нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчлүүлэхээр тусгасан байдаг аж.
Гэвч өнгөрсөн сарын 15-наас иргэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо “U money” цахим картаар зорчих болсон билээ. Нийслэлийн захиргааны зүгээс уг ажлыг хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа хууль тогтоомжийг зөрчин оюутныг нийтийн тээврийн хэрэгслээр мөнгөн хязгаар тавьж зорчуулахаар шийдвэрлэсэн. Түүнчлэн оюутны нэр, сургууль, зураггүй цахим картыг дангаар нь хэрэглэн оюутныг зорчуулах болсон нь “U money” цахим картыг зорчих эрхгүй оюутнууд ашиглах, дамжуулан хэрэглэх, дамлан борлуулах эрсдэлийг бий болгож байгаа аж.
Иймээс МОХ-ны Нийслэлийн засаг даргын хууль тогтоомж зөрчсөн алдаатай шийдвэрүүдийг цуглуулж оюутан суралцагчдын эрхээ эдлэх бололцоогоор хангуулахаар холбогдох хууль хяналтын байгууллага болон төрийн байгууллагуудад хандаж буй юм байна.
Энэ асуудлаар МОХ-ны ерөнхийлөгч Д.Батбаяраас тодрууллаа.
-МОХ холбоо энэ асуудлаар Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүлд шаардлага хүргүүлсэн. Ямар хариу өгсөн бэ?
-Уг асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн удирдлагуудад удаа дараа хандсан боловч тодорхой хариу өгөөгүй. Нийслэлийн засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа чиг үүргийн хувьд дээд боловсролын байгууллагатай огт харилцдаггүй Нийслэлийн боловсролын газраар уг “U money” цахим картыг захиалга авах ажлыг гүйцэтгүүлэхээр шийдвэр гаргасан байгаа юм. Энэ нь МОХ хүчин төгөлдөр хэрэгжиж буй хууль тогтоомж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжийг хязгаарлаж байна. 2015 оны дөрөвдүгээр сард МОХ Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Хөдөлмөрийн яам, Нийслэлийн тээврийн газартай харилцан тохиролцсоны үндсэн дээр 2 ба түүнээс дээш курсын оюутнуудаас “Оюутны смарт карт”-ын захиалга авч холбогдох журмын дагуу хэвлүүлсэн. Гэтэл дээрх шийдвэрийг гаргаснаар 2015 оны есдүгээр сарын 1-нээс нийтйин тээврийн хэрэгслээр үнэгүй зорчих эрхтэй 113 мянга, тэр дундаа цахим карт нь гарсан 64 мянган оюутан мөнгөө төлөн зорчиж байгаа. Нэг оюутан өдөрт хамгийн багадаа 2000 төгрөгөөр зорчиж байгаа гэж тооцвол өдөрт 226 сая төгрөг, 14 хоногийн хугацаанд 3 тэрбум 164 сая төгрөг оюутнуудын халааснаас гарч буй юм. Түүнчлэн автобусны маршрут богиноссон, бэлэн мөнгөөр зорчсон тохиолдолд 2 дахин их мөнгө нэхэж байгаа зэрэг нь оюутанд санхүүгийн дарамтыг үүсгэж байна тиймээс энэ асуудлыг хурдан шийдвэрлэж, хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.
-Цахим карт нь гарсан 64 мянган оюутнууд нийтийн тээврээр үнэгүй зорчих эрх нь хуулийн дагуу нээлттэй байгаа гэж ойлгож болох уу?
-Хуулийн дагуу үнэгүй зорчих эрхтэй боловч хууль дүрмээс давсан эрх мэдэлтнүүд оюутнуудын эрхийг зөрчиж байна. Нийтийн тээврийн системийг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, шинэ техник технологи нэвтрүүлж байгаа нь зөв ажил хэдий ч нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр зорчих эрх бүхий иргэдийн эрх ашиг зөрчиж байгааг засаж залруулах хэрэгтэй хэмээн үзэж шүүхийн байгууллагад хандаж байгаа юм.