Монголын үйлвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр жагсаал хийлээ. Тодруулбал, Засгийн газраас гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ хүлээгээгүй, мөн тэдний зүгээс тавьсан шаарлагыг удаа дараа хүлээн аваагүйн улмаас өнөөдөр ард иргэдийн амьдрал улам доройтож байна хэмээн үзэж буйгаа энэ үеэр мэдэгдсэн юм. Тиймээс ч өнөөдөр нийслэлийн үүрэг, аж ахуйн нэгж, байгууллага, орон нутгийн төлөөлөл болсон 11 мянган иргэн “Цалингийн худалдан авах чадварыг хамгаалъя”, “Нийгмийн хамгааллын арлыг танахаа зогсооё”, “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлье”, “Цалинтай ядуучуудыг багасгая” гэсэн уриа лоозон барьж, өөрсдийн дуу хоолойгоо хүргэж байсан юм.

Энэ талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар хэлэхдээ “Засгийн газраас гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж өнөөдрийн жагсаалыг зохион байгуулж байна. Хэлэлцээрээр Засгийн газар олон чухал асуудлуудыг хэрэгжүүлнэ хэмээн амалсан. Жишээлбэл, ажилчдын цалинг нэмэгдүүлж, ажлын байрны баталгааг хангаж, мөн нийгмийн түншлэгч талуудтай тодорхой ажлын төлөвлөгөөний дагуу ажиллаж, эдийн засгийн хүндрэлээс богино хугацаанд гарна гэх мэт. Харамсалтай нь өнөөдрийн байдлаар ажилчин, албан хаагчдын цалин нэмэгдэхгүй, ажлын байрны цомхотгол явагдаж байна. Монголын үйлдвэрчний эвлэлээс шаардлагуудыг удаа дараа тавьж байсан боловч ойшоож үзээгүй. Харин ч улс орны эдийн засгийн байдал доройтож, инфляци өсөж, хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж байгаа нь Засгийн газар үүргээ ухамсарлаагүйгээс болсон гэж бодож байна” гэсэн юм.

Мөн энэ талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбатаас тодрууллаа.
-Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооноос ямар шаардлагыг тавьж байна вэ?
-Ард иргэдийн өмнө аж ахуйн нэгж, байгууллагын тулгамдаж буй асуудлуудын талаар хоёр жилд нэг удаа шийдвэрлэх хэлэлцээр хийдэг. Энэхүү хэлэлцээр хийгдээд нэг жил гаруйн хугацаа өнгөрч байна. Засгийн газрын зүгээс тус хэлэлцээрт гарч болзошгүй хүндрэл бэхшээл, эдийн засгийн нөхцөл байдлыг тооцож үзсэний үндсэн дээр илүү ачаалалттай ажиллаж байгаа, орон тоог нэмж чадахгүй байгаа, хувийн хэвшлийнхэнд бага ч болов татварын хөнгөлөлт үзүүлж, төрийн бодлогоор зохицуулж болох хэмжээнд үнэ тарифийг цалин хөлстэй нь уялдуулж шийдвэрлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэхээр болсон. Мөн өнөөдөр бараа, үйлчилгээний үнэ өсөхөд цалин хойноос нь “гүйцэж” чадахгүй байна. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллагууд үүдээ барьж, ажлын цомхотгол ихээр явагдаж байна. Цаашлаад үүний үр дүнд улсад орж ирэх татварын хэмжээ багасч байгааг хэд хэдэн удаа сануулсан. Гэвч амалсан зүйлээ биелүүлж чадаагүй. Ийм учраас олон нийтэд хамааралтай асуудлуудаа юуны өмнө шийдвэрлэж, хариуцлагатай, хүлээцтэй байх хэрэгтэй гэх шаардлагыг тавьж байгаа.

-Иргэдийн худалдан авах чадвар буурч байгаа. Гэхдээ цалин нэмэгдвэл инфляци өсч, бараа, үйлчилгээний үнэ өсөж, эдийн засаг улам хумигдах хандлагатай зарим шинжээчид хэлж байсан. Энэ тухайд?
-Эдийн засгийн хямрал зөвхөн Монгол Улсад тохиолдож байгаа юм биш. Энэ үед цалин нэмэх ёсгүй гэх онолыг зарим нэг ухаантан гаргасан. Гэхдээ өнгөрсөн гурван жилийн хугацаанд ямар амлалт өгсөн бэ гэдгээ санах хэрэгтэй. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ хоёр жилийн өмнө нэмэгдсэнээсээ хойш огт нэмэгдсэнгүй. Гэтэл амьжиргааны өртөг улам өсч байна. Өнөөдөр “хар” зах дээр ам.долларын ханш 2000 төгрөг давлаа. Энэ нь төгрөгийн өрсөлдөх чадвар 20 орчим хувиар унасан гэсэн үг. Иргэд хоёр бүтээгдэхүүн авдаг байсан мөнгөөр одоо нэг бүтээгдэхүүн л авдаг боллоо. Үүний хэрээр эдийн засаг улам хумигдаж, татвар багасах болно. Тиймээс энэ тал дээр сайн судалгаа шинжилгээ хийж, мэргэжлийн байгууллагуудтай хэлэлцдэг баймаар байна. Тэрнээс биш хэдхэн фракц, бүлэглэлийн хооронд асуудлаа шийдээд, Засгийн газрыг хэт явцуу хүрээнд ажиллаж байна гэж иргэд шүүмжилж байна. Тиймээс шинэ танхимын бүрэлдэхүүн нэн яаралтай шийдэгдэхээр хүлээгдэж буй асуудлуудаа шийдвэрлэж, иргэдийн талд үйлчлэх хэрэгтэй байна.

Мөн энэ үеэр жагсаалд оролцож буй иргэдийн байр суурийг сонслоо.
Нийтийн тээврийн салбарын төлөөлөл Г.Баатар “Тээврийн салбарын бодлого үгүй болж, шинэчлэл гэх нэрээр зөвхөн албан тушаалтнууд хуйвалдах замаар тээврийн салбарыг уналтад оруулж байна. Энэ цаг үед өмнө нь гаргасан зөв талдаа жолоодлоготой автомашин замын хөдөлгөөнд оролцоно гэсэн хууль тогтоомжоо хэрэгжүүлж чадахгүй байж шинэчилсэн хуулийн заалтыг хэрэгжүүлэх нэрээр жолооч, ард иргэдийг торгож, халаасыг нь хоосолж, нийслэл болон улсын төсвийг бүрдүүлэх увиагүй үйлдлээ таслан зогсоохыг шаардаж байна”
Барилгын үйлдвэрчний эвлэлийн хорооны нарийн бичгийн дарга Ц.Энхцэцэг “Барилгын салбарынхан бид ажлын байрны баталгааг гаргаж өгөхийг шаардаж байна. Өнөөдөр барилгын салбар уналтад орж, ажилчдыг ихээр нь цомхотголд оруулж байгаа нь цаашлаад ажилгүй, орлогогүй иргэдийн тоог ихээр нэмэгдүүлж байгаа хэрэг юм. Дээрээс нь бэлэн мөнгөгүй гэх шалтгаанаар барилгын ажлаа гүйцэтгэсэн ч ажлын хөлсөө авч чадахгүйд хүрлээ. Үүнд төр засаг буруутай гэж үзэж байгаа юм. Тиймээс санхүүжилтээ олгож, ажлын байрны баталгааг гаргаж өг л гэж хэлмээр байна”
Гэтэл эдгээр хүний дотор нэгэн иргэн цалин нэмэхийг эсэргүүцэж байсан нь Баянзүрх дүүргийн иргэн 13 дугаар хорооны иргэн Д.Энхбаяр юм. Тэрээр хэлэхдээ “Би цалин нэмэхийг эсэргүүцэж байгаа тэтгэврийн л хөгшин хүн. Гэхдээ би хагас жилийн өмнө 200 мянган төгрөгийн цалин аваад болоод л байдаг байсан. Цалин нэмэхээр бараа бүтээгдэхүүн, шатахууны үнэ дагаад өсдөг нь жам. Улс төрийнхөн ядуу ард түмнээр тоглож байна. Үүнийг улс төрийн шоу гэдэг юм. Иймэрхүү жагсаал хийлээ гээд өөрчлөгдөх зүйл байхгүй. Тэгээд ч энд цугласан иргэдийн дийлэнх нь албан хүчээр зогсож байгаа. Товчоор хэлбэл, ирсэн үгүйг нь цаг тутамд бүртгэж байна. Ийм жагсаал гэж байдаг юм уу. Хүмүүс нийгмийн сайн сайхны төлөө ухамсраараа тайван жагсаал хийдэг болохоос биш цагаа бүртгүүлэх гэж зогсдоггүй юм” хэмээсэн юм.




