Монгол Улсын Үндэсний статистикийн хороо нь НҮБ-ын “Жендэрийн тэгш байдлын баримт нотолгоо, тоо мэдээлэл (EDGE)” төслийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Хөрөнгийн эзэмшил, аж ахуй эрхлэлтийг жендэрийн төлөв байдлаар тодорхойлох нь” туршилтын судалгааг анх удаа зохион байгуулах гэж байна. Энэхүү судалгаагаар өрхийн хөрөнгийн эзэмшил, захиран зарцуулалт, аж ахуй эрхлэлтийн талаарх мэдээллийг цуглуулж, судалгааны үр дүнгээр олон улсын аргачлал, арга зүйг сайжруулах зорилготой аж.
Энэхүү туршилтын судалгааны мэдээлэл цуглуулах багийн ахлагч, судлаач нарт зориулсан сургалт зохион байгуулагдсан бөгөөд сургалтын үр дүнд судалгааны мэдээлэл цуглуулах багийн ахлагч, судлаач нар сонгогдсон өрхийг олж, гишүүдтэй ярилцлага хийж, асуулгыг зааврын дагуу үнэн зөв, бүрэн нөхөх чадвартай болох бөгөөд уг туршилтын судалгаа нь энэ сарын 18-наас албан ёсоор эхэлж орон нутгийн сонгогдсон өрхүүдээр явагдах юм.