Уул уурхайн сайд Р.Жигжид Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Гацууртын уурхайн үйл ажиллагаатай газар дээр танилцсан байна. Уул уурхайн сайдын хамт Ашигт малтмалын газрын дэд дарга С.Амарсайхан, Уул уурхайн хэлтсийн дарга С.Баттулга, ШУА-ын Түүх археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Ч.Амартүвшин, ШУА-ын Газар зүй, геологийн цэвдэг судлалын салбарын дарга А.Дашцэрэн нарын албаны хүмүүс “Сентерра гоулд” компани лиценз эзэмшдэг Гацууртын ордын нөхцөл байдалтай танилцсан.
Гацууртын ордын тухайд УИХ-ын тогтоол гарч стратегийн ордод хамааруулсан. Харин төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудлыг нэгдсэн чуулганаар хэлэлцсэн боловч дэмжлэг авч чадаагүй.
Энэ үеэр Уул уурхайн сайд Р.Жигжид “Эдийн засаг хүндэрсэн ийм үед ашиглахад бэлэн болсон орд газруудаа эдийн засгийн эргэлтэнд оруулах бодлогыг Засгийн газар баримталж байгаа. Гацууртын ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулснаар Монголбанкинд жилдээ таван тонн орчим алт тушаагдана гэсэн тооцоо бий. Ингэснээр Монголбанк алтаа барьцаалж гадаад улсаас валют татаж улсынхаа эдийн засагт томоохон түлхэц өгнө гэж харж байгаа” гэсэн байна.
Мөн түүнчлэн Гацууртын орд нь эдийн засгийн үр ашигтай 50 орчим тонн алтны нөөцтэй. Нийт 303 га талбайд олборлолт явуулахаас 143 га нь өмнөх шороон ордын нөхөн сэргээгдээгүй орхигдсон талбай байна. Олборлосон хүдрээ авто замаар тээвэрлэж өмнө нь ашиглаж байсан Бороогийн баяжуулах үйлдвэрт боловсруулах юм. Тус ордын борлуулалтын орлогын 69 хувь, нийт зардлын 81 хувийг Монгол Улсад зарцуулна. Улсын төсөвт нийт татвар хураамж, төлбөр хэлбэрээр 659 тэрбум төгрөг оруулах тооцоог урьдчилсан байдлаар гаргаад байгаа аж.
Гацууртын ордыг ашиглаж, төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох асуудал УИХ-аар хэлэлцэгдэх үеэр иргэний хөдөлгөөнийхөн энэ орд газарт түүхийн хосгүй үнэт эртний булш, бунхан байдаг. Үүнийг “үгүй хийх” нь гэж эсэргүүцэж, жагсаал цуглаан зохион байгуулж байсан. ШУА-ын түүх археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч Ч.Амартүвшин хэлэхдээ “Гацууртын ордын нөлөөллийн бүсэд эртний булш, бунхан түүхийн олдвор илрээгүй. Харин Бороогийн уурхайгаас Гацуурт хүртэлх авто зам дагуу хүрэл зэвсэгийн үеийн цөөн тооны булш олдсон” гэлээ.