Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг буюу Эрдэнэтэд нэг гэрийн таван хүний амь насанд халдсан хэрэг өчигдөр гарчээ. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр өчигдөр 07.00 цагийн үед гэмт хэрэг гарсан тухай мэдээлэл тус аймгийн Цагдаагийн газарт ирсэн гэнэ. Үүний дагуу тус газрын дарга, хурандаа Б.Даваазулаар ахлуулсан шуурхай ажлын хэсэг гарч, хэргийн газрын үзлэг, эрэн сурвалжлах ажиллагааг эхлүүлж, 16.00 цагийн үед гэмт этгээдийг саатуулжээ.
Тэрбээр хохирогч 25 настай Х гэх эмэгтэйтэй найз бөгөөд хувийн таарамжгүй харилцаанаас болж маргалдан, улмаар гэрт байсан таван хүнийг сүхээр цохисон гэнэ. 81 настай эмгэн Б, есөн настай Э гэх охин газар дээрээ нас барж, таван настай хоёр хүү нь хөнгөн, Х нь хүнд гэмтэж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт эрчимт эмчилгээ хийлгэснээр, биеийн байдал нь сайжирч байгаа гэнэ.
Хэрэг үйлдсэн этгээдийг зугтан Эрдэнэтээс хойш 80 км-т байрлах, Булган аймгийн Хангал суманд гэртээ очин, хадлангаа хадаж байхад нь баривчилсан гэнэ. Орхон аймгийн Цагдаагийн газрынхантай холбогдож энэ талаар тодруулахад “Гэр бүлийн таван хүнд халдаж, хоёрыг нь бүрэлгэсэн хэрэг гарсан нь үнэн. Шуурхай ажилласны дүнд сэжигтнийг баривчлан 17.00 цагийн үед анхны мэдүүлгийг нь авч эхэлсэн.
Мөрдөн байцаалт дөнгөж эхэлж байгаа болохоор үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэж байлаа. Дугаар шилжих мөчид буюу 20.00 цагийн үед авсан мэдээллээр гэмт этгээд анхны мэдүүлгээрээ хэргээ хүлээж, таван хүн цохисон сүхээ нуусан газраа зааж өгснийг эд мөрийн баримт болгон хурааж авчээ. Сэжигтэн Ж.Э нь Булган аймагт 1988 онд төрсөн, тус аймгийн Хангал суманд амьдардаг залуу аж.