Нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо иргэд “U-money” цахим картаар үйлчлүүлдэг болсон. Харин оюутнууд өдий хүртэл тус картыг авч чадаагүйн улмаас бэлэн мөнгөөр зорчиж буй. Энэ нь Авто тээврийн тухай болон Боловсролын тухай хууль, нийслэлийн ИТХ-аас баталсан журмыг зөрчиж байна гэж Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Д.Батбаяр өчигдөр мэдээллээ. Түүнээс гадна хуульч, өмгөөлөгч Б.Ганпүрэв, Х.Баянбаатар нар МОХ-ноос зохион байгуулсан хэвлэлийн бага хуралд оролцож, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг Захиргааны хэргийн шүүхэд өгсөн тухайгаа мэдэгдэв.
Энэ үеэр Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Д.Батбаяраас оюутны эрх хэрхэн зөрчигдөж буй талаар тодруулахад:
-Боловсролын тухай хуулийн 43.2.5, Авто тээврийн тухай хуулийн 12.2-т “Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутныг нөхөн олговроор зорчуулна” гэж заасан. Үүнийг хэрэгжүүлэх үндсэн журмыг 2010 онд нийслэлийн ИТХ-аар баталсан. Тэр журам, хууль тогтоомж хүчин төгөлдөр хэвээрээ байгаа.
Гэтэл оюутнууд есдүгээр сарын 1-нээс өдий хүртэл өөрсдөөсөө мөнгө гарган, нийтийн тээврээр үйлчлүүлсээр байна. 14 хоногийн хугацаанд оюутнууд нийтийн тээврийн үйлчилгээнд гурван тэрбум төгрөг зориулжээ. Хуулиа биелүүлэхийг нийслэлийн удирдлагуудаас удаа дараа шаардсан ч хариу өгөөгүй учраас хууль хяналтын байгууллагад хандаж байгаа юм.
-Өнөөдрийн байдлаар ганц ч оюутан “U-money” картаа аваагүй байгаа юм уу?
-Тийм. Тээврийн хэрэгслээр хичээлдээ зайлшгүй явах шаардлагатай 113 мянган оюутнаас нэгэнд нь ч карт олгоогүй. Оюутнуудын нөхөн олговорт зориулж, 30 орчим тэрбум төгрөг улсын төсөвт суулгасан. Гэтэл үүнийг олгохгүй, оюутнуудаас өөрсдөөс нь мөнгө гаргуулж буй нь хууль бус. Түүнчлэн оюутны нэр, сургууль, зураггүй “U-money” цахим картыг дангаар нь хэрэглэх болсноор дамжуулан хэрэглэх, дамлан борлуулах эрсдэлтэй.
Тиймээс бид нийслэлийн Засаг даргын хууль, тогтоомж зөрчсөн алдаатай шийдвэрийг цуцлуулж, оюутан, сурагчдыг эрхээ эдлэх боломжоор хангуулахын тулд хууль хяналт болон төрийн байгууллагад хандсан. Энэ сарын 1-нээс эхлэн өдий хүртэл нийтийн тээврийн хэрэгсэлд зарцуулсан оюутнуудын гурван тэрбум орчим төгрөгийг буруутай этгээдээс нь гаргуулна гэв.
Энэ талаар нийслэлийн удирдлагуудаас тодруулах гэсэн боловч “Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар “Оюутнуудын нийтийн тээвэрт хөнгөлөлт эдлэх журам”- ыг баталсны дараа тайлбар өгөх боломжтой” гэв. Одоогоор журмыг эцэслэн батлаагүй байгаа бөгөөд оюутны цахим картны асуудал Монголын оюутны холбоонд хамааралгүй болж ч магадгүй гэж эх сурвалж хэлэв.
Ч.БОЛОРТУЯА