“Ховдоос хот руу ирж, очиход хос төрж, хүүхэдтэй болдог” гэх шог яриа бий. Зөвхөн Ховд ч биш, нийслэлээс хол орших аймгууд руу ирж, очиход засмал замгүй учир хоёр, гурван өдөр явж, хугацаа их зарцуулдаг байлаа. Одоо энэ үе ард үлдэж, түүх болох цаг айсуй. Концессын гэрээний дагуу баруун аймгуудыг холбох авто замын ажлыг компаниуд хүйтрэхээс өмнө хийж, төлөвлөгөөгөө гүйцээхээр шамдаж байна.
Тус ажлын явцыг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон Зам тээврийн яам, Хөрөнгө оруулалтын газрын төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт шалгаж, гүйцэтгэлийн болон зөвлөх компаниудын удирдлагуудтай уулзсан юм. Энэ жил концессын гэрээгээр Баянхонгор-Алтайн 126.7, Алтай-Дарвийн 263, Хяргас нуурын зүүн хаяа Сонгино чиглэлийн 135.5 км хатуу хучилттай авто зам тавьж байна.
Түүнчлэн, Цахираас Тосонцэнгэл хүртэлх 127, Халзанбүргэдэй-Солонготын даваа чиглэлийн 100 км авто замын ажлыг Хөгжлийн банкны хөрөнгөөр санхүүжүүлж буй. Концессын төслөөр хэрэгжиж байгаа дээрх чиглэлийн замын зардлын эргэн төлөлт 2017 оноос 4-5 жил үргэлжилж, гүйцэтгэгч компаниуд хөрөнгө оруулалтаа улсаас нөхөж авах ёстой аж.
Замуудын зураг төслөөс шалтгаалан хөрөнгийн хэмжээ харилцан адилгүй байгаа ч 500 сая орчим ам долларын тооцоо гарчээ. Зам тээврийн яамны Авто замын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Д.Загдраднаа “Энэ жил авто замын салбарт 212 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 29 төслийн ажил хийж байна. Баруун таван аймаг болон Дорнодыг нийслэлтэй холбох замын ажил төлөвлөгөөний дагуу, эрчимтэй хэрэгжиж буй.
Энэ ондоо багтаж, төлөвлөсөн ажлуудаа хугацаанд нь дуусгах боломжтой. Ирэх жил эдгээр зам ашиглалтад бүрэн орно. Концесс болон Хөгжлийн банкны зарим санхүүжилт дутуу орж байгаа. Хэрэв энэ асуудал шийдэгдвэл авто замын ажлыг илүү хурдан гүйцэтгэхээр байна” гэв. Баянхонгор-Алтайн 126.7 км авто замын барилгын ажлын зөвлөхөөр “Аварга зам” ХХК, гүйцэтгэгчээр “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК-ийнхан ажиллаж буй.
Тус компанийнхан өнгөрсөн долоо хоногт кэмпээ байрлуулж, газар шорооныхоо ажлыг эхлүүллээ. Алтай-Дарви чиглэлийн 263 км авто замын эхний 165 километрийн ажлын гүйцэтгэгчээр “Монгол ЛЗ зам гүүр” ХХК, зөвлөхөөр “Мөнхөд ашдын зам” ХХК ажиллаж байна. Замын далангийн өргөн 10, зорчих хэсгийн өргөн долоо, зузаан 0.05 метр байх аж. Нийт ажлын явц 20 орчим хувьтай байсан. 299 хүн ажиллаж байгаагаас 30 гаруй хувь нь монгол, үлдсэн нь хятад ажилчид байсан юм.
Үлдсэн 98 км авто замын ажлыг “Монгол ЛЗ зам гүүр” ХХК гүйцэтгэж, “Хязгааргүй хөдөлгөөн” ХХК зөвлөхөөр ажиллаж байв. Тус замын далангийн өргөн 11, зорчих хэсгийн өргөн долоо, зузаан 0.05 метр байх гэнэ. Уг 263 км авто замыг ирэх оны долдугаар сарын 30-нд бэлэн болгохоор ажиллаж байсан юм. Дараа нь сайд Хяргас нуурын зүүн хаяанаас Завханы Сонгино чиглэлийн 135.5 км авто замын ажилтай танилцсан.
Тус замын ажлын гүйцэтгэгчээр Хятадын “Шинжан шинфа” ХХК, зөвлөхөөр “Ар Си Эс Си” ХХК ажиллаж буй. “Шинжан шинфа” ХХК-ийн захирал Сун Гуан Чен “Бид замын ажлаа долдугаар сарын сүүлчээр эхэлсэн. Ирэх оны аравдугаар сард дуусгах ёстой. Хятад 360, монгол 150 хүн ажиллаж байна. Далангийн ажил 85 хувьтай байна. 215 ширхэг хоолой тавихаас 135-ыг хийсэн. Хөрөнгө оруулагчаар Чехийн компани шалгарсан ч одоогоор мөнгөө өгөөгүй.
Энэ асуудлыг удахгүй шийдэх талаар Аж үйлдвэрийн сайд Б.Эрдэнэбат болон Увс аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн нартай ярилцлаа. Одоогоор 18 тэрбум төгрөгийн хөрөнгөөр ажил хийсэн” гэлээ. Цахир-Тосонцэнгэл чиглэлийн 127 км авто замын ажлын гүйцэтгэгчээр “Хурдны зам” ХХК, зөвлөхөөр “Мөнхөд ашдын зам” ажиллаж байв. Тус замын төслийг “Чингис бонд”-ын хөрөнгөөр Монгол Улсын Хөгжлийн банк санхүүжүүлж буй.
Энэхүү авто замын ажлын 81.2 хувь нь дууссан бөгөөд ирэх сард хүлээлгэн өгөх аж. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Засгийн газрын дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийн гол зүйл бол бүх аймгийг хатуу хучилттай замаар холбох юм. Зам дагаж хөгжил ирдэг гэдэг яах аргагүй үнэн. Жишээлбэл, Хөвсгөл аймгийг нийслэлтэй холбосон замыг бид мэдэж байгаа. Баруун таван аймгийн замын ажлын гүйцэтгэл үнэхээр сайн байна. Гэхдээ замын ажил улиралд хавчигддаг.
Энэ намар гэхэд гол ажлаа нугалаад, ирэх жил дуусгахаар компаниуд эрчимтэй ажиллаж байна. Эдгээр замын ажлыг концесс болон Хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн төслөөр хийж байна. Концессоор хэрэгжиж буй төслүүд манай яаманд хамааралтай. Баруун бүсийн хөгжлийг хангахын тулд эдгээр замыг маш хурдан дуусгах ёстой.
Ялангуяа өмнө болон хойд хөрштэй эдийн засгийн, худалдааны тухай хэлэлцүүлэг эрчимтэй өрнүүлж буй энэ үед зүүн, баруун, төв хэсгийн замыг зайлшгүй холбох шаардлагатай” гэв. Бид ирэх жилээс баруун аймгийн нутгаар зорчихдоо хатуу хучилттай шинэхэн авто замаар салхи татуулан давхих боломжтой боллоо. Хол газар хонон өнжин хоёр, гурван өдөр явдаг үе ард хоцрох нь.
Э.НАМУУН