Өчигдөр буюу есдүгээр сарын 14-ний оройн 22.00 цагийн үед Оросын нутаг дэвсгэрт аялж явсан хоёр монгол иргэн рүү халдаж, буудаж гэмтээсэн талаар тэнд явсан монгол иргэд цахим сүлжээгээр дамжуулан мэдээлж, Улаан-Үд рүү аялах гэж байгаа бол сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.
Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар Алтанбулаг боомтын даргатай утсаар холбогдсон боловч “Одоогоор энэ талаарх мэдээлэл боомтын удирдлагад ирээгүй байна” гэв. Харин цахим сүлжээгээр мэдээлэл түгээсэн иргэн Сүхтэй (нэрийг өөрчилсөн болно) утсаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.
-Та хэргийн талаар хэрхэн олж мэдэв?
-Би гэр бүлийн хамт Улаан-Үдэд амраад харьж явсан юм. Халдлагад өртсөн залуустай хилээр нэвтрэхээр дугаарлаж байхдаа танилцаж, мэдээлэл авсан. Манай иргэдийн аюулгүй байдлыг хилийн цаана хэн ч авч хэлэлцдэггүйн нэг том жишээ бол энэ явдал юм. Аюулгүй байдал төдийгүй ОХУ-ын хилээр нэвтрэхийн тулд багадаа гурван цаг дугаарлан зогсдог, чирэгдэл ихтэй, хүнд сурталтай газар юм билээ.
-Уг хэрэг яг хаана болсон гэж байна вэ?
-Хиагтаас 50 орчим км-ын цаана болсон гэсэн. Приус маркийн машинтай хоёр залуу явж байтал дүрэмт хувцас, замын цагдаагийн дохиуртай хүн дохиж, зогсоосон гэсэн. Замын цагдаа шалгах гэж байна гэж бодсон залуусыг зогсоход гэнэтхэн олон орос гарч ирээд гадаад пасспортоос бусад бүх зүйлийг дээрэмдэж, нэг залууг нь зодож, нөгөө залууг нь ч хоёр ч удаа буудсан гэсэн. Тэр даруй зугтаад хэрэг болсон газраас 12 км орчмын цаана байрлаж байсан ОХУ-ын цагдаагийн постонд очиж мэдэгдэхэд, дээрэм хийсэн оросуудын талаар бүртгэж аваад, эмнэлгийн анхан шатны тусламж ч үзүүлээгүй байгаа юм.
-Буудуулсан болон зодуулсан залуусын шарх хүнд байсан уу?
-Буудуулсан хүн аль болох хөдөлгөөнгүй байлгах ёстой гэсэн болохоор машинаас нь буулгалгүй байлгаж байгаад эмнэлгийнхэн ирээд аваад явсан. Нэг сум нь хөлөнд, нөгөө нь нуруун тус газар нь оносон бололтой байсан.
-Шархадсан залуусыг аль эмнэлэгт хүргэсэн бэ?
-Халдлагад өртсөн залуусыг хилээр нэвтрүүлээгүй. Боомтын ажилтнууд буудуулчихсан байтал түргэн тусламж дуудах уу гэж асууж байгаад дуудаж өгч байна билээ. Миний фэйсбүүкт тавьсан мэдээллийг ар гэрийнхэн нь олж хараад, өнөө өглөө ОХУ руу хөдөлсөн гэсэн. Надтай холбоо барьсан. ОХУ-ын хилийн боомтынхон энэ талаарх мэдээллийг элчин сайдын яаманд мэдээлээгүй. Тийм болохоор аль эмнэлэгт хүргэгдсэн талаар ар гэрийнхэн нь ч тодорхой мэдээлэлгүй, эмнэлгүүдээр эрж хайсаар байна гэсэн.