3асгийн газраас гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж, Монголын Үйлдвэрчдийн Холбооноос өчигдөр тайван жагсаал хийлээ. Иргэдийн орлого нэмэгдээгүй байхад цахилгаан, дулаан, хүнс, өргөн хэрэглээний бараа, сургалтын төлбөр, бусад үйлчилгээний үнэ өссөнд иргэд бухимдаж буй юм. Жагсаалд эрүүл мэнд, боловсрол, зам тээвэр, эрчим хүч, уул уурхай зэрэг салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн иргэд цугласан.
Мөн Төв, Дорноговь, Увс аймгийн төлөөллүүд ирсэн байв. МҮЭХ-ны мэдээлснээр өдөр тутмын хүнсний хэрэглээ болох гурил, гурилан бүтээгдэхүүн, хүнсний ногооны үнэ 13- 69 хувиар өссөн байна. 2013 онтой харьцуулахад нийслэлд цахилгааны үнийг оруулалгүйгээр нэг өрөө байрны сарын төлбөр 55.8, хоёр өрөө 56.4, гурван өрөө байрных 86.1 хувиар тус тус нэмэгдсэн аж.

Түүнчлэн их, дээд сургуулиудын сургалтын төлбөр дунджаар 25 хувиар өсчээ. Иймд Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн 2015-2016 оны гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Засгийн газраас шаардаж буй юм.
МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар тэргүүтэй жагсагчид эдийн засгийн хямралтай үед үйлдвэрлэлийг дэмжих замаар ажлын байр нэмэгдүүлэх, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, зах зээл дэх ажил үйлчилгээний үнийн өсөлтийг хязгаарлах, шатахууны үнийг дэлхийн үнэ ханштай уялдуулан бууруулж, үнийг тогтвортой байлгах, иргэд хөдөлмөрчдийн амьжиргаа, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр ажиллахыг Засгийн газраас хүсэж буйгаа илэрхийлсэн.
Мөн дотоодын үйлдвэрлэл, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, төрийн албан хаагчдын цалин, нийгмийн хамгаалалтай холбогдолтой зардлыг нэмэгдүүлэх, хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулах, эдийн засгийг сэргээх цогц бодлого хэрэгжүүлэхийг шаардлаа. Жагсаалд Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос 1400 орчим гишүүд оролцсон.

Тэд төгрөгийн худалдан авах чадвар, инфляцийг нөхөх хэмжээнд энэ оны тавдугаар сарын 1-нээс олгох байсан нэмэгдлийг шаардаж буй аж. Энэ талаар ЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмараас тодруулахад “Манай салбар өдрөөс өдөрт уруудаж байна. Иргэдэд хүрч буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах нь хамгийн чухал. Гэтэл эмнэлгүүдийн эмийн зардлыг 24.8 орчим хувиар хассан. Угаасаа хүрдэггүй эмийн төсвийг таначихаар иргэдэд хүрэх үйлчилгээ, хувиараа эм тариагаа худалдан авдаг иргэдийн халаасыг хоосолж буй хэрэг юм.
Мөн эмч, сувилагч нарт оногдох ажлын ачаалал 2-3 дахин ихэссэн. Бид маш хүнд нөхцөлд ажиллаж байна. Эмнэлгийн ажилтнууд нийтийн тээврээр өдөрт 200-400 төгрөгөөр үйлчлүүлдэг байсан бол одоо нэг талдаа 1000 болсон. Энэ мэт бэрхшээлтэй асуудал олон байгаа учраас бидэнд тэмцэхээс өөр сонголт байхгүй” гэлээ. Цуглаанд оролцогчид шаардлагын хариуг энэ оны аравдугаар сарын 15-ны дотор авах бөгөөд Засгийн газар хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол ажил хаяж, тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ албан ёсоор мэдэгдлээ.
Э.ДОЛГОРСҮРЭН