“Улаанбаатар ДЦС 5 төсөл”-ийн хэрэгжүүлэгч “Фифт комбайнд хийт энд пауэр плант” ХХК ирэх оны эхний улиралд барилга угсралтын ажлаа эхлүүлэхээ өнөөдөр болсон Засгийн Газрын хуралдааны үеэр мэдээлж, төлөвлөгөөгөө танилцуулжээ.
Тус компани V ДЦС-ын барилгын ажлыг 2,5-3 жилийн хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгаа бөгөөд тиймээс төлөвлөгөө ёсоор 2019 он гэхэд шинэ станц ашиглалтад орох аж.
Түүнчлэн энэ үеэр Эрдэнэтийн дулааны цахилгаан станцыг өргөтгөх төслийн сонгон шалгаруулалтад оролцохоор гадаад, дотоодын 15 компани тендерийн баримт бичиг авсан боловч 4 компани саналаа ирүүлсэн болон “ДЦС-III” ТӨХК-ийг өргөтгөх төслийн хүрээнд суурилагдсан хүчин чадлыг 50МВт-аар өргөтгөснөөр Төвийн бүсийн эрчим хүчний системийн хүчин чадал 50МВт-аар, Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн хүчин чадал 100Гкал/ц-аар нэмэгдсэн талаар танилцууллаа. Хоёрдугаар шатны шинэчлэлээр орчин үеийн өндөр үр ашигтай дулааны станцыг 2016-2017 онд барьж ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.