“Шарын гол” компани Монгол, Солонгосын хамтарсан “Монгол саммок ложистик”-той хамтран БНСУ руу эрчим хүчний 20 мянган тонн баяжуулсан нүүрс экспортлохоор судалж байсан. Тэгвэл энэ ажлаа түр хугацаагаар хойшлуулжээ.
Учир нь Шарын голын нүүрсийг БНАСАУ-ын Ражин боомтоор дамжуулан БНСУд хүргэх төлөвлөгөөтэй байсан юм. Гэтэл хоёр Солонгос маргаантай байгаа учраас БНАСАУ экспортын нүүрсийг өөрийн боомтоор дамжуулах боломжгүй гэдэг хариу өгсөн гэнэ.
“Шарын гол” компанийн Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга М.Цэнгэл “Одоо ОХУ-ын аль нэг боомтыг түшиглэн, туршилтын экспорт хийхээр болсон. Энэ ондоо багтаан нүүрс тээвэрлэхээр ажиллаж байна” гэлээ.
Үүнээс гадна баяжуулсан эрчим хүчний нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ унаж байгаа нь экспорт хийхэд хүндрэл учруулж буйг Зам, тээврийн яамны хэлтсийн дарга Р.Мэргэн ярилаа.
Н.САНЖААСҮРЭН