Нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын боловсрол, эрүүл ахуй, хүнсний чанар аюулгүй байдлын хяналтын улсын байцаагч нар ерөнхий боловсролын 40 сургуулийн боловсон хүчин болоод “Үдийн цай” хөтөлбөрийг шалгажээ.
Шалгалтаар мэргэжлийн бус хүмүүс цэцэрлэг, дунд сургуулиудад багшилж байсныг илрүүлсэн байна. Тодруулбал, Баянгол дүүргийн 19 дүгээр сургуульд англи хэлний орчуулагч мэргэжилтэй хүн гадаад хэл, монгол хэлний хоёр багш бага ангийн, 51 дүгээр сургуульд номын санч хүн орос хэлний, англи хэлний орчуулагч хүн англи хэлний, биеийн тамир спортын дасгалжуулагч хүн биеийн тамирын, “Эрдмийн өргөө” цогцолбор сургуульд англи хэл, орон судлаач мэргэжилтэй хүн англи хэлний багшаар ажиллаж байжээ.
Үүнээс гадна Чингэлтэй дүүргийн есдүгээр цэцэрлэгт бага боловсролын багш хөгжмийн багшаар ажиллаж байсан бол Баянгол дүүргийн 141 дүгээр цэцэрлэгийн гурван багш, 162 дугаар цэцэрлэгийн нэг багш мэргэжлийн бус байсан аж.
Мөн “Үдийн цай” хөтөлбөрт бүтээгдэхүүн нийлүүлж буй компаниудын үйлдвэрийн байрны эрүүл ахуй, ариун цэврийг шалгахад “Айплмүүн” 38.2, “Бенедакт” 80.3, “Бамбууш” 30.8, “Кокодесерт” 66.7, “Хаан сүү” 64.7, “Эн Жэй Эс” 75.6 хувь гэсэн үнэлгээ авчээ. Зөрчилтэй 10 байгууллага, хоёр албан тушаалтанд нийт нэг сая 980 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.
Г.БАЛЖИННЯМ