Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 99 жилийн ойг тохиолдуулан өчигдөр хөшөөнд нь цэцэг өргөлөө. Ёслолд МАН-ын удирдлагууд, Ю.Цэдэнбалын төрсөн дүү Ю.Жавзан, хамт ажиллаж байсан ахмадууд, төрөл төрөгсөд нь хүрэлцэн ирсэн юм.
Ю.Жавзан “Бид эхээс 11-үүл, ах тав дахь, би отгон нь. Ах үргэлж ном уншдаг, ажилч, хичээнгүй, шударга хүн байсан. Түүний мэндэлсэн энэ өдөр эх орон, ард түмнийхээ төлөө хийсэн гавьяаг нь хүндэлж, олон хүн ирсэнд баярлаж байна” гэв.
“Бал дарга нам, төрийг 40 гаруй жил удирдахдаа Монгол Улсыг хөгжил, дэвшлийн замд оруулахад бүхнээ зориулсан. Эдийн засаг, эрүүл мэнд, боловсрол, соёл, урлаг гээд бүх салбарт анхаарал хандуулдаг, их энгийн, хүнлэг, өндөр боловсролтой хүн байсан” гэж түүнтэй 13 жил хамт ажилласан, МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга асан Г.Адъяа дурссан.
МАН-аас Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг төрийн хэмжээнд тэмдэглэх саналыг намрын чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн барих аж.
Э.НУМ