Ном бол ертөнцийг харах цонх гэлцдэг. Тиймдээ ч Монголчууд “Номын цагаан буян дэлгэрэг” хэмээх ерөөлийн сайхан үгийг хэлэлцэх нь элбэг. Монгол ёсноо номыг бишрэн дээдэлж хоймроо залан бурхан шүтээнээсээ дутуугүй хүндэлдэг билээ. Учир нь ном бол үе үе мэргэдийн оюун ухааны бүтээл төдийгүй хүн олноо соён гэгээрүүлэхэд үнэлж баршгүй ач тусаа өгсөн болохоор тэр. Тиймдээ ч бидний эцэг эх, эмээ өвөө, эрдэмтэн багш нар нар гарахаар байгаль сэргэдэг, ном уншихаар ухаан сэргэдэг гээд үргэлж ном уншиж байхыг сургадаг сан.

Өнөө цагт ном уншиж, оюундаа хөрөнгө оруулалт хийх сонирхолтой хүүхэд залуус олон болж, дэлхийн уран зохиол, түүх, шинжлэх ухааны ном, хэвлэмэл бүтээгдэхүүнүүд уншиж хорвоо дэлхийтэй танилцахыг хүсэх болжээ. Гэвч манай улсад тийм боломж бололцоог хангаж өгдөг газрууд тун ховор. Монголын Үндэсний номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит хотын төв номын сан, Шинжлэх ухаан, технологийн төв номын сан гэх мэт гарын арван хуруунд багтахаар цөөхөн юм. Мөн хэд хэдэн салбартай номын дэлгүүрүүд байх боловч уншлагын танхим тэр бүр байхгүй. Харин энэ бүх боломжийг нэг дор цогцлоосон газар бий болсон нь “Азхур” номын их дэлгүүр юм. Өнөөдөр нээлтээ хийж буй “Мэдлэгийг түгээнэ” уриатай тус номын дэлгүүр нь уншигчдын хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж, худалдан авалт хийх таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн бөгөөд одоогоор Монголдоо хамгийн томд тооцогдож байгааг холбогдох албаныхан хэлж байсан юм.

Мөн Монголын хэвлэлийн компаниудын шилдэг оюуны бүтээлүүдийг нэг дор төвлөрүүлснээс гадна дэлхийд борлуулалтаараа тэргүүлдэг бестселлэр номуудыг ангилж, тусгайлан гадаад номын тасаг болгож баяжуулжээ. Үүнээс гадна номын их дэлгүүр дотор кофе шопийг байрлуулснаар уншигчид номыг тав тухтай орчинд унших боломжийг бүрдүүлж өгч байгаагаараа онцлогтой аж.
Энэ талаар “Азхур” номын их дэлгүүрийн Идэвхжүүлэлтийн менежер А.Ууганцэцэгээс тодрууллаа.

-“Азхур” номын их дэлгүүрийг дэлхийн жишиг стандартад нийцсэн дэлгүүр хэмээн онцолж байна. Нийт хэчнээн ном, хэвлэмэл бүтээгдэхүүнтэй вэ?
-Олон улсын жишиг стандартад нийцсэн “Азхур” номын их дэлгүүр өнөөдөр албан ёсоор нээлтээ хийж байна. Учир нь хэрэглэгч, уншигчдад тав тухтай орчин, гадаад, монгол ном, хүүхдийн тасаг, бичиг хэрэгслийн дэлгүүр гэсэн зургаан тасагтай, тэр бүртээ насны онцлогт тохируулсан унших, худалдан авах нөхцөл, сонирхлыг татах орчныг бүрдүүлсэн, хаягжуулалтын стандарт, кофе шоп, номын сонголт, төрөлжүүлэлтээрээ бид олон улсын жишиг стандартыг хангаж чаджээ гэж үзэж байгаа юм. Мөн одоогоор Монголдоо хамгийн том буюу 1000 метр.кв талбайтай, 15 мянга гаруй номын нэр төрлийн сонголттой байгаагаараа онцлогтой юм.
-Уншигчдад номыг чөлөөтэй унших боломжийг нээж өгч байгаа гэсэн?
-Тэгэлгүй яахав. Номыг заавал худалдан авахгүйгээр суугаад унших бүрэн боломжтой. Өнөөдөр хүүхэд, залуус маань монгол хэл дээр төдийгүй гадаад хэл дээр гарсан номнуудыг хүсэл сонирхлынхоо дагуу эрж хайж уншдаг болсон байна. Тиймээс бид “Азхур” компанийн дэргэдэх Болорсудар хэвлэлийн газар болон монголын нийт хэвлэн нийтлэх компаниудын бүтээлийг өөрсдийн номын дэлгүүртээ худалдан борлуулж, уншигч, хэрэглэгчиддээ хүргэж байгаа юм.
Түүнчлэн “Азхур” номын их дэлгүүрийн нээлтэд Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Т.Галсан гуайгаас эхлээд сайхан яруу найрагчид, зохиолчдоос гадна номонд хайртай олон хүн хүрэлцэн ирсэн байлаа.

Ардын уран зохиолч П.Бадарч – 90-ээд оны эхээр номын дэлгүүрүүд хаагджээ гэж дуулддаг байсан бол өнөө үед шинэ дэлгүүрүүд нээгдэж байна. Өнөөдөр нээлтээ хийж буй энэхүү дэлгүүрийн бусдаас ялгарах онцлог нь өөрийн гэсэн байртай бас хамгийн олон номын сантай байгаад оршиж байгаа юм. Ном бол хүн төрөлхтөний бүтээсэн хамгийн том соёл юм. Ном байгаагүй бол бид юу ч мэдэхгүй байх байсан. Номоор дамжиж бүх соёл ирдэг. Тиймээс ном, номын дэлгүүр нээнэ гэдэг нь аугаа их соёлыг дэлгэрүүлж байгаагаас гадна соён гэгээрүүлэх их үйлсийг хийж байна гэж хэлж болно.

Г.Жаргалмаа