Төрөлхийн зүрхний хүнд гажигтай Б.Хулан гэх охинд “Залуусын давалгаа” ТББ-ын залуус хандив цуглуулж, ОХУ-д хагалгаанд оруулж, хагалгаа ч 100 хувь амжилттай болсон цаг саяхан. Гэтэл Б.Хулан охин дахин бөөрний дутагдалд орсныг охины ээж болох н.Баярцэнгэл хагалгаанаас үүдэлтэй хэмээн итгэж тус ТББ-ынхнаас дахин мөнгө нэхсэн байна. Учир нь анх зөвхөн Энэтхэг улсад эмчлэгдэх боломжтой гэгдэж хандиваас 30 орчим сая төгрөг цугласан ч арай хямд өртөгөөр ОХУ-д хагалгаа хийлгэх боломжтой болсон байна. Тиймээс охины ээж үлдсэн гурав орчим сая төгрөгийг нэхэж, тус ТББ-ыг цагдаагийн байгууллагад өгчээ. Энэ талаар “Залуусын давалгаа” ТББ-ын тэргүүн Н.Нямдоржоос тодрууллаа.
-“Залуусын давалгаа” ТББ-ынхан арван сартай Б.Хулан охинд туслах хандивын аян явуулж, ОХУ-д хагалгаанд оруулсан. Гэтэл охины ээж та бүгдээс мөнгө нэхэж, цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдээлэл ирсэн. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?
-Тийм ээ. Б.Хулан охины ээж биднийг цагдаагийн байгууллагад өгсөн нь үнэн. Тэгээд цагдаагийн байгууллагаас прокурор руу шилжүүлсэн. Харин прокуророос биднийг ямар ч буруугүй, хэрэг үүсгэх нөхцөлгүй гэж үзээд, бүх холбогдолтой тайлан, баримт бичгүүдийг гаргасан байгаа. Тиймээс охины ээжийг тэр тайлантай танилцаасай гэж хүсч байна.
-Б.Хулан охин дахин бөөрний дутагдалд орсон гэсэн. Үүнийг ээж нь хагалгаанаас үүдэлтэй гэж бодож байгаа гэсэн?
-Зүрхний хагалгаанд орсон хүүхэд бөөрний дутагдалд орсон нь хагалгаатай ямар ч холбоогүй. Гэтэл зүрхнээс үүдэлтэй гэж Монголын ямар ч эмч албан ёсоор оношлоогүй хэрнээ зүгээр л амаараа яриад байгаа юм. Анх 30 сая төгрөгөөр Энэтхэг улсад хагалгаа хийлгэх төлөвлөгөөтэй байсан ч гуравдугаар сарын 27-н гэхэд 4-5 сая төгрөг л цуглуулсан байсан болохоор явуулж чадаагүй. Үүний дараа ОХУ-д хагалгаа хийлгэх боломжтой гэхээр нь дөрөвдүгээр сард мөнгийг бүрэн цуглуулаад Орос руу явуулж хагалгаанд оруулсан. Хагалгаа ч 100 хувь амжилттай болсон. Тэгсэн чинь хагалгаанаас ирээд долоохон хоногийн дараа охины хоолойг өвтгөөд, сэхээнд хэвтүүлсэн байсан. Уг нь хагалгааны дараа сайн асаргаа сувилгаа хийлгэж, огт өвчин тусгах ёсгүй. Үүний дараа зүрхнээс нь болоод бөөрний дутагдал гэх огт өөр өвчтэй болчихлоо гэчихсэн явж байсан. Тэгээд үүнийг зүрхнээс нь болов уу гээд эмчээс асуутал зүрхнээс болсон гэж хэлэхгүй байсан.
-Хандиваас нийт хэчнээн сая төгрөг цугларч, охины эмчилгээнд хэдийг нь зарцуулсан бэ?
-Нийт 28 сая төгрөг цугларч, 25 гаруй сая төгрөгийг 100 хувь Хулан охинд зориулсан.
-Шинэ гэр барьж өгсөн гэсэн. Одоо түүндээ амьдарч байгаа болов уу?
-Тийм ээ. Шинэ гэрээс гадна урсгал бүх зардлыг хандивын мөнгөнөөс гаргаж, сувилалд хэвтүүлээрэй гээд мөнгө хүртэл өгсөн. Тэгээд дахиад мөнгө нэхээд байх шиг байгаа юм. Цагдаагийн газарт ч бид бүх санхүүгийн баримтаа гаргаж өгсөн. Охины ээжтэй ч бид хагалгаа өмнө, хагалгааны үед, дараа нь ямар нэгэн асуудал үүссэн ч “Залуусын давалгаа” ТББ-д хамаарахгүй болно гэсэн гэрээ хүртэл байгуулсан.
3-4 дүгээр сард охины өвчнийг анх оношлоход эмч нар зүрхний төрөлхийн гажигийг эмчлэх ямар ч боломжгүй, ийм төрлийн өвчтэй төрсөн хүн хамгийн дээд тал нь 10 жил л амьдардаг. Хагалгааны үед ч эрсдэл гарах боломжтой байсан. Бид өмнө нь АНУ-д хүртэл хагалгаа хийлгэх хүсэлт тавихад хийхээс татгалзаж байсан тийм хүнд хагалгаа болсон. Тэгсэн одоо бид нараас боллоо гээд дахиад мөнгө нэхээд байх юм.
-28 сая төгрөгөөр үлдсэн мөнгийг хэрхэн зарцуулсан бэ?
-Хандиваас үлдсэн 2-3 сая төгрөгийг бид өөр тусламж хэрэгтэй 2-3 хүнд зориулсан.
-Та бүхэн одоо ямар арга хэмжээ авах вэ. Олон нийт хүүхдэд хандивласан мөнгийг өөр зүйлд зарцууллаа гээд нэлээд шүүмжилж байсан. Өөрсдийнхөө нэр төрийг сэргээлгэх үү?
-Хүмүүс бидний хийсэн ажлыг огт ойлгохгүй байгаа. Бид үнэхээр сайхан сэтгэлээр л аян явуулж, хандив цуглуулж чадсан. Хэрвээ нэр төрөө сэргээлгэж болдог бол сэргээлгэхийг хүсч байна. Хамгийн гол нь олон нийтийг зөвөөр ойлгоосой гэж хүсч байна даа.