Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгосон билээ.
Тэгвэл энэ жилийн хувьд энэхүү баярын өдрийг энэ сарын 19-ний бямба гарагт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай, Улаанбаатар хотын дүүргүүд, бүх аймаг, суманд тэмдэглэх юм байна.
Чингисийн талбай дахь Номын баярын өдөрлөг бямба гарагийн 10.00-17.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд нээлт 11.40 цагт болно. Өдөрлөгийн хүрээнд “Зохиолч-уншигчдын уулзалт”, “Бид өөрөө ном” зохиолын баатруудын тоглолт, “Ном дотор зам бий” хүүхдийн бүтээл туурвилын уралдаан, “Номын хандив” аян, “Бид номд дуртай” аянд нэгдэгчдийн цугларалт, номын 20-50 хувийн хямдралтай худалдаа, зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын төрөлжсөн үзэсгэлэн, “Ном” хөтөлбөр, Номын сангийн тухай хуулийн танилцуулга болон номон шагналтай тэмцээн уралдаанууд болох юм.