Ядуугийн зовлон яасан ч их юм бэ дээ. Төв талбайд болж байгаа "Номын баяр"-т цугласнаас олон хүн "Хүннү молл", "Номин" их дэлгүүрийн гадна цугласан тухай сошиал медиагаар шуугиж байна. Сураг, ажиг асууж хүмүүстэй холбогдлоо. "Хүмүүсээр ингэж худлаа тоглохлоо яах вэ дээ" гэж үндэсний үйлдвэрлэгчээ тэд харааж байна гэнэ. Бухимдан бухимдан тэнд очиж байгаа та өөртөө л харин гомд гэмээр юм уу даа. "Exclusive"-ын хувцас дажгүй, бас захирал нь дайчин, богино хугацаанд амжилт гаргасан, бусдаас юугаа ч нуугаагүй.
Үйлдвэрлэл эрхлэгч Монгол Улсад эрүүлээр, хууль ёсных нь дагуу, шударгаар ажиллах боломж байхгүй байгааг тэр эсэргүүцсэн. Татварын 150 сая төгрөгдөө ч биш гэх. Түүнийг нь төлье гээд, өндийж босно гээд зүтгэсэн ч дэмжихээсээ илүү боомилох механизм нь өндөр хөгжсөн манайд гишгэх газар үлдээгүй болохоор, амжилттай ажиллаж байсан нэг компани үүдээ хааж, бүтээгдэхүүнээ үнэгүй тарааж эсэргүүцэл илэрхийлэх гэсэн хэрэг.
Үнэгүй тараах барааны зарлалыг тэгж сайн ойлгож, сонсож, цуглацгаасан хэрнээ шударга бус зүйлс, дүрэм, журам, бас утгагүй гажигтай тогтолцооны тухай хэн ч дурсахгүй байгаа нь гутармаар. Олон нийтийн дунд хийсэж явсан "Үнэгүй авмааргүй байна. Мөнгөө төлөөд авъя", "Хоёрын үнээр нэгийг авъя" зэрэг мессеж өчигдөр орой горьдлого төрүүлж байлаа. Хүмүүс эмх цэгцтэй цуглаж, үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж, гажиг тогтолцооны эсрэг дуу хоолойгоо өргөж, нэг үгээр бол "гайхамшиг" болох байх гэж хүлээж байлаа. Үгүй байжээ. Ядуу гэхдээ хохимой хоосорч, хөндий сав шиг донхийх болсон монголчууд дэлгүүрийн гадаа дүүрэн цуглав. Тэд гагцхүү харааж, зүхэв, өөрсдийг нь чулуу хөөлгөлөө гэж шүлсээ үсчүүлэв.
Эмх замбараагүй байдал үүсгэсэн хэргээр эргээд Г.Майцэцэг буруутан болох вий дээ. Харыг хараар нь цагааныг нь цагаанаар нь харж чадахаа больсон өөрсдийгөө өрөвдмөөр. Өөрөөсөө бурууг хайлгүй өрөөл бусдаас шалтаг хайгчид олширч, хорвоог томоор биш жижгээр сэтгэж, хоёр гуравхан алхмын жаргалд нүдээ ухаж өгөхөөс ч буцахгүй болсон МОНГОЛЧУУДЫН ТАРХИНЫ ТУРААЛТАЙ, ЯДУУГИЙН ЗОВЛОН гэж энэ дээ.