
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумд хооронд Тэмээг-Адуугаар солилцох арга хэмжээ Эрдэнэцагаан суманд явагдлаа. Адууныхаа тоо толгойгоор улсдаа тэргүүлдэг Эрдэнэцагаанчууд 2014 оны жилийн эцсийн мал тооллогоор 29600 адуу тоолуулж байсан бол энэ жил 3 түмэн адууны баяр хийхээр зорьж байна. Гэтэл сүүлийн 45 жилд Эрдэнэцагаан сумын тэмээн сүргийн тоо цөөрч, өнгөрсөн жилийн мал тооллогоор 667 тэмээ тоолуулжээ. Иймд аймаг, сумын Засаг даргын мөрийн хөтөлбөр, "Монгол мал" хөтөлбөрийн хүрээнд сумын Тэмээн сүргийг өсөн нэмэгдүүлэх, үржлийг сайжруулах зорилгоор Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумтай адуугаараа -тэмээ солилцох ажлыг зохион байгуулж байгаа аж. Баян-Өндөр сум нь тэмээн сүргийнхээ тоогоор улсын хэмжээнд дээгүүр бичигддэг бөгөөд 3000 гаруй тэмээтэй хэмээн тоологджээ. Энэхүү үйл ажиллагаанд Баян-Өндөр сумаас 6 малчин 2000 гаруй км замыг туулж 15 тэмээтэй иржээ. Эдгээр малчид цус сэлбэх зорилгоор Эрдэнэцагаан сумаас угшил сайтай, мөн тооны адууг мөн нутагшуулах юм. Энэхүү үйл ажиллагаа нь Сүхбаатар аймгийн Хөдөө аж ахуйн салбарын хэмжээнд яригдахуйц томоохон арга хэмжээ гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байна.