Богдхан уулын дархан цаазат бүс Их Тэнгэрийн аманд 7.4 га газрыг “Шинэхэн групп” хувийн компани Засгийн газрын тогтоолгүйгээр өмчилсөн талаарх мэдээлэл гарсан. АСЕМ-аар халхавчлан төрийн тусгай хамгаалалттай газрыг өөрийн болгож байна гэсэн хардлага олон нийтийн сүлжээгээр хүч аваад байгаа юм.
Төрийн тусгай хамгаалалттай газрыг “өмчилсөн” “Шинэхэн групп” компанийн захирлыг Ж.Сансар гэдэг аж. Тэрбээр 2007-2010 онд Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын дарга, дэд даргаар ажиллаж байжээ. Энэ талаар БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Д.Шижирболдоос тодруулахад,
-БОНХАЖ-ын сайдын шийдвэрээр “Шинэхэн групп” компанид 7.4 га газар олгосон. Сайдын шийдвэрээс өмнө Засгийн газрын тогтоол гарсан.
-Засгийн газрын тогтоол хэзээ гарсан юм бэ?
-Энэ оны зургадугаар сарын 2-нд гарсан.
-Хүн орохыг ч хориглодог тусгай хамгаалалттай газарт хувийн компанид газар олгосон нь ямар учиртай юм бол?
-Бүх материалаа бүрдүүлсэн, Засгийн газрын тогтоол гарсан учраас газар олгосон.
-“Шинэхэн групп” компанид тус газрыг ямар зориулалтаар өгч байгаа юм бэ?
-Ази-Европын дээд хэмжээний уулзалт буюу АСЕМ ирэх онд Улаанбаатар хотод болно. Уулзалтын зочид төлөөлөгчдөд зориулсан Үндэсний хурлын танхим, зочид буудлын цогцолбор барихаар тус газрыг авсан.
-АСЕМ-ийн уулзалт хэдхэн сарын дараа болох гэж байхад одоо ийм ажил хийж амжих юм уу?
-Үүнийг би мэдэхгүй байна.
Ч.ТУЯА