АПУ компанийн бараа бүтээгдэхүүний борлуулагчаар ажиллаж байсан Б.Алтанхуяг гэх залуу одоогоос яг нэг жилийн өмнө сураггүй болж, хэвлэлээр багагүй хугацаанд дуулиан тарьж байв.
Өнгөрсөн оны есдүгээр сарын 15-нд тэрбээр гэрээт дэлгүүрүүддээ архи, шар айргаа хүргэж яваад сураггүй болж, ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагынхантай хамтарч 15 хоногийн турш хайсны эцэст Налайх дүүргийн нутаг, Жадамбын уурхайн ард байсан нүүрсний хуучин амнаас (15 м-ийн гүнээс цогцсыг нь иргэдийн мэдээллээр олсон юм. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр гаднын нөлөөтэй, боомилуулж амиа алдсан нь тогтоогдсон.
Энэ аллага шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн ядмагхан санаанаас үүдэлтэй байсан нь мөрдөн байцаалтын шатанд тодорхой болсон. Хохирогч алга болохоосоо өмнө багагүй хэмжээний бэлэн мөнгөтэй, нэлээд бараатай (архи, шар айраг машиндаа ачиж) явсан байдаг.
Талийгаач хамгийн сүүлд Баянзүрх дүүргийн XI хорооны нутаг, Хонхорт үйл ажиллагаа явуулдаг “Хадагт мянган” дэлгүүрт бараагаа хүргэж өгөөд гарсан бөгөөд түүнээс хойш өөр ямар ч дэлгүүрт очоогүй нь шалгалт, камерийн бичлэг зэргээс тодорхой болсон. Тиймээс уг дэлгүүрийн эзэн Г.Пүрэвсүрэнг энэ хэрэгт холбогдуулахаас өөр арга байгаагүй. Гэвч тэрбээр анхны мэдүүлгээрээ хэрэг үйлдсэнээ хүлээгээгүй, “Гүтгэж, хилсээр хэрэг хүлээлгэх гэж байна” хэмээн уурлаж байсан гэдэг.
Гэмт хэрэгтэн гишгэх газаргүй гэдэг болохоор хөдөлшгүй нотлох баримтуудыг цагдаагийнхан олж авсан тул Г.Пүрэвсүрэн шунахайн сэдэлтээр хүний амь бүрэлгэснээ хүлээсэн байна. Тухайлбал, цагдаагийнхан Г.Пүрэвсүрэнгийн гэр, дэлгүүрт нэгжлэг хийж, хашаанд нь байсан дүүгийнх нь нэр дээр бүртгэлтэй гараашт эд мөрийн баримт болох архинуудыг хураасан байсныг олж авсан.
Төв аймгийн нутаг, Дивизийн орон сууцны хороолол дундах зогсоолоос хохирогчийн унаж явсан “Хьюндай Грейс” маркийн микроавтобусыг олсон юм. Ингээд бүх зүйл тодорхой болоход “Цогцсыг нүхэнд хаяад машиныг нь жолоодон явж Төв аймагт орон сууцнуудын дунд дугаарыг нь авч орхисон. Замын машинд сууж гэртээ ирсэн” хэмээн ярьснаар гэм буруугаа хүлээж эхэлсэн. Г.Пүрэвсүрэнд холбогдох хэргийг өдгөө Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэхээр товлоод байгаа бөгөөд Л.Гансүх нарын шүүх хурлаас шалтгаалж ирэх долоо хоног болтол хойшлуулаад байгаа юм.
Иргэн Б.Алтанхуягийг хөнөөсөн хэрэгт ганц Г.Пүрэвсүрэнг холбогдуулаагүй. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн өөр гурван хүнийг яллагдагчаар татаж, тус дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм байна. Өнгөрсөн хавар Баянзүрх дүүргийн XI хорооны иргэн Г.Дэлгэрцэцэг, Г.Отгонцэцэг нар хэвлэлийн хурал хийж, “Цагдаагийнхан хилсээр хэрэг хүлээлгэж байна” хэмээн мэдэгдэж байв.
Харин тэд өдгөө хэрэгтний ширээний ард суух болжээ. Дээрх хоёроос гадна Нандин гэх хүнд Эрүүгийн хуулийн 254 дүгээр зүйлд заасан “Худал мэдүүлэг өгсөн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн аж. Дээрх хүмүүс цагдаагийнханд “Б.Алтанхуяг хар нүдний шилтэй танихгүй залуутай орж ирээд гарсан. Зүүн зүгт явсан” гэх мэтээр худлаа ярьж, эрэлчдийг төөрөгдүүлсэн нь ийнхүү хэрэгтний ширээнд суухад хүргэжээ.
Тэдний гэм буруутай үйлдэл нь шүүхээр тогтоогдвол 19 сая хүртэлх хэмжээний төгрөгөөр торгуулах юм уу, хоёр жил хорих ял шийтгэхээр хуульд заажээ. Харин худал мэдүүлэг өгсөн хүмүүс “үхэхдээ үхэр буугаа тавина” гэгчээр хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагчдаа хөлдөө чирэх гэж үзэж байна.
Тодруулбал, “Налайх, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч нэр бүхий хүмүүс биднийг дарамталж, айлган сүрдүүлж хүчээр хэрэг хүлээлгэсэн” гэж гомдол гаргаснаас болж ЦЕГ-ын Тусгай субъектийн гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн мөрдөн байцаагчдаа шалгаж байгаа гэх мэдээлэл бидэнд ирсэн.
Прокурорын байгууллагынхан ч энэ хэргээр мөрдсөн байцаагчдыг шалгаж байгаа гэдгийг үгүйсгээгүй. Ямар ч гэсэн мөрдөн байцаагчид ажлаа хийж гэм буруутай этгээдүүдийг олж тогтоон хэргийг нь хүлээлгэсэн, гэхдээ өөрсдөө бас хариуцлагад татагдаж болзошгүй л байдалд хүрчихээд байгаа нь харамсалтай.
Г.ОРЧЛОН