Солонгосын гоо сайханчдын холбооноос санаачлан зохион байгуулдаг “KASF 2015” гоо сайханчдын ур чадварыг дээшлүүлэх олон улсын тэмцээнд манай орноос анх удаа оролцжээ. 11 дэх удаагаа зохион байгуулж буй тус тэмцээнд Америк, Япон, Хятадын мэргэжилтнүүд ур чадвараа сорьдог бөгөөд энэ удаа үс засалт, арьс арчилгаа, нүүр будалт, мэргэжлийн гоо сайханчид гэсэн таван чиглэлээр нийт 45 төрөлд шилдгүүдээ тодруулсан аж. Гоо сайхны мэргэжилтэн бэлтгэдэг коллеж, сургуулиуд болон мэргэжлийн гоо сайханчид оролцдог уг тэмцээнд Ү.Нэргүй сормуусны арт төрөлд өрсөлдөж, алтан медаль хүртжээ.
Түүнтэй цахим шуудангаар холбогдож, оролцсон тэмцээнийх нь талаар тодрууллаа.
-“KASF 2015” ур чадвар дээшлүүлэх тэмцээн нь хэр далайцтай зохион байгуулагддаг вэ?
-Солонгос улсад зохион байгуулж буй тэмцээнүүд дундаа нэлээд нэр хүндтэй, өргөн цар хүрээтэй зохион байгуулдаг тэмцээнүүдийн тоонд багтдаг. Олон улсын тэмцээн чанартай бөгөөд АНУ-ын Лос-Анжелес хотын гоо сайхны байгууллага болон Хятад, Япон улсаас хамтран зохион байгуулдаг юм билээ.
-Уг тэмцээнд манай улсаас өөр тамирчид оролцсон юм болов уу?
-Анхны монгол оролцогч нь би болсон. Гэхдээ манай гоо сайханчид ур чадварын хувьд өрсөлдөхүйц сайн учир цаашдаа олон олон монгол мэргэжилтнүүдийг тус тэмцээнд оролцуулахаар судалж, хөөцөлдөж байгаа.
-Таны хувьд хаанаас мэдээлэл авч уг тэмцээнд оролцсон бэ?
-Би Солонгост гоо сайхны чиглэлээр мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа. Багшийнхаа зөвлөснөөр өөрийгөө хөгжүүлэх, сорьж үзэх зорилгоор уг тэмцээнд оролцсон.