Уг нь өрхийн эмнэлгүүд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хамгийн ойроос, дараалал чирэгдэлгүй, түргэн шуурхай үзүүлэх үүрэгтэй. Гэтэл эмч нар нь туршлагагүй, өвчтөн оношлох чадваргүй, тоног төхөөрөмж муутайгаас болоод манайхан шатлал алгасан эмчилгээ хийлгэдэг болоод удлаа.
Ингэснээр нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх ёстой II, III шатлалын Нэгдсэн эмнэлэг, тусгай мэргэжлийн төвүүд иргэдэд анхан шатны үйлчилгээ үзүүлсээр, хүнд өвчтөнүүдэд хүрч үйлчлэхэд бэрх болсон. Харин ЭМСЯ, нийслэлийн Эрүүл мэндийн газар 2015 оныг “Анхан шатны тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах жил” болгон зарласнаар дээрх байдал өөрчлөгдөнө гэж үзэж байна.
Энэ хүрээнд нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын “Руйсанса” корпорацтай хамтран, “Иргэдийн эрүүл мэндийг сайжруулах” төсөл хэрэгжүүлэн, өчигдөр албан ёсоор нээв. Өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдийн хүний нөөц, оношилгоо, лабораторийн чадамжийг сайжруулах зорилготой уг төслийн хүрээнд нийслэлийн найман дүүргийн өрхийн эрүүл мэндийн 140 төвд 1.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий, шээсний орчин үеийн хурдавчилсан оношлуурууд нийлүүллээ.
Буцалтгүй тусламжаар олгосон 142 ширхэг уг аппаратыг НЭМГ татварт төлөх хөрөнгө мөнгөний асуудлаас болоод гаалийн агуулахаас авч чадалгүй хагас жил гаруй болсон ч сая нэг зохих эздэдээ очив. Тус газрынхан Засгийн газар, ЭМСЯ, нийслэлийн ЗДТГ-т дээрх асуудлаар удаа дараа хүсэлт тавьсны дүнд Засгийн газар гаалийн татварыг шийдвэрлэж, Сангийн яам түүнийг нь үе шаттайгаар төлж буй юм байна.
НЭМГ өрхийн эмнэлгүүдэд тарааж буй шээсний анализаторуудыг танилцуулах, ашиглах, унших сургалтыг өрхийн эмч нарт үе шаттайгаар явуулжээ. Ингэснээр иргэд шээс, цусны шинжилгээ хийлгэх гэж II, III шатлалын эмнэлэг явах шаардлагагүй болж, төв эмнэлгүүдийн ачаалал багасна гэж НЭМГ-ын дарга Ш.Энхбат хэлэв. Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн бүтэц зохион байгуулалтын эрх зүйн баримтуудыг боловсронгуй болгохоор дүрэм журам гаргаад ажиллаж байгаа аж.
“Уг аппарат нь шээсний шинжилгээгээр дамжуулан 10 гаруй үзүүлэлтийг багцалж, зөвхөн бөөр, шээсний замын эмгэгийг оношлохоос гадна чихрийн шижин, бусад өвчний хүндрэлийг илрүүлэх хүчин чадалтай. Суурин, зөөврийн гэсэн хоёр төрлийн төхөөрөмж байгаа. Зөөврийнх нь Ipad шиг хөнгөн, авсаархан. Хүнд өвчтэй, хэвтэрт байгаа хүмүүсийн гэрт нь очиж үүгээр шинжилгээ авах юм” гэж Сонгинохайрхан дүүргийн I хорооны “Буянт Манал” өрхийн эмнэлгийн эмч Э.Хулан ярив.
Түүнээс гадна үйлчлүүлэгч шинжилгээнийхээ хариуг заавал өрхийн эмнэлэг дээрээ очиж авах шаардлагагүй болжээ. БНСУ-ын “Руйсанса” корпорацынхан шинжилгээний хариу “хэлж өгөх” тусгай вэб сайт нээн, ажилд оруулсан байна. Монгол хэлээр ашиглалтад оруулсан Royhhc.mn сайтад иргэд бүртгүүлээд, өөрийнхөө ID дугаарыг марталгүй санаж, түүгээрээ шинжилгээний хариу, хоолны дэглэм, эм тариа авч, зайнаас эмчлүүлэх боломж бүрджээ.
Харин шинжилгээ хийсэн эмч тухайн үйлчлүүлэгч нэг бүрийн хариуг вэбэд байрлуулан, түүнийг нь ахлах эмч нар хянах юм байна.
О.БАТ-УНДРАХ