Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн аравдугаар хороонд байрлалтай Хүүхэд харах үйлчилгээний загвар төв нь 2014 оны гуравдугаар сарын 8-ны өдрөөс 2014 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэлх хугацаанд үйл ажиллагаагаа явуулж Хүүхэд харах үйлчигээний тухай хуулийг сурталчилан батлуулах зорилгоор байгуулагдаж байсан бөгөөд иргэдэд хуулийг таниулан мэдүүлэх жишиг төв болж байсан юм. Ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжих Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг хангах тус загвар төвийн үйл ажиллагааг дахин сэргээн ажиллуулах гэж байгаа аж. Тиймээс энэ сарын 22-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг Хүүхэд харах үйлчилгээний загвар төвтэй танилцсан байна.
Тус загвар төв нь гаднаа тоглоомын талбайтай, дотроо унталгын өрөө, чөлөөт цагаа өнгөрөөх талбай, гал тогоотой, нийт 68 метр кв талбайд үйл ажиллагаа явуулах бөгөөд 15 хүүхдийг гурван багш харах юм. Энэ нь Монгол Улсын хэмжээнд сургуулийн өмнөх насны хүүхэд, багачуудыг боловсрол эзэмшүүлэх, цэцэрлэгийн хомстлыг арилгах зорилгоор энэхүү загвар хүүхэд харах үйлчилгээг олон нийтэд танин мэдүүлж, сурталчлах зорилготой аж.