Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаярыг ард түмний нэг хэсэг нь сайн хүн хэмээн магтдаг. Ялангуяа хөдөө орон нутгийнхан. Тэгвэл нэг хэсэг нь буюу нийслэлд амьдран суугчдын олонх нь маш муугаар хэлж, ярьдаг. Эцэс сүүлдээ хоёр “Э” Ерөнхийлөгчийн хоорондын зөрчил хуулийн байгууллагуудыг хөлдөө чирч байгаа мэт харагдах болов.
Өршөөл үзүүлэх тухай хуульд тавьсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хоригийг өмнөх Ерөнхийлөгчийн намынх нь нөхөд зөвхөн Н.Энхбаярт зориулсан хэмээн хардаж, сэрдэн буй. Экс Ерөнхийлөгчийн намынхных нь ярьж буйгаас үзвэл Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд МАХН-ын дарга хамрагдаж, улмаар ирэх онд болох УИХ-ын, 2017 онд явагдах Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших санаатай байгаа гэнэ.
Гэвч түүнд Мөрдөн байцаах газраас МАХН-ын байрыг Алан Гинсбург гэх америк эрээс залилж авсан хэмээн эрүүгийн хэрэг үүсгэчихээд байгаа. Улмаар уг хэргийг АТГ-т шалгаж байгаа хэрэгт нэгтгэхээр шилжүүлсэн ч түдгэлзүүлчихээд байгаа юм. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өршөөл үзүүлэх тухай хуульд хэсэгчлэн хориг тавихдаа Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт заасан “Онц их хэмжээний хөрөнгө залилан мэхэлж авсан” гэх үйлдлийг өршөөж болохгүй гэж үзсэн.
Үүнийг нь хоёр Ерөнхийлөгчийн зөрчлийн илрэл гэж иргэд үзэж буй. 2011 оны арванхоёрдугаар сарын 1-нд “Империал гоулд” ХХК-ийн өмчлөлд байдаг Сүхбаатар дүүргийн I хороо, Гэндэнгийн гудамжинд орших 900 ам.метр талбайтай, одоогийн МАХН-ын байрлаж байгаа хоёр давхар цагаан байрыг эзэмшил газрынх нь хамт 1.5 сая ам.доллараар худалдан авахаар тохиролцсон.
Улмаар дүү Н.Энхтуяагийнхаа нэр дээрх “Эскон” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Цэнгэл гэх хүнээр худалдах, худалдан авах гэрээ байгуулуулж, байрны үнийг 500 мянган ам.доллар гэж тусган, үлдэгдэл нэг саяыг нь өнөөг хүртэл төлөлг үй АНУ-ын иргэн А.Гинсбургэд онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн өнгөрсөн оны долдугаар сард тухайн үеийн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст анх эрүүгийн хэрэг үүсгэсэн түүхтэй.
Түүнээс хойш цагдаагийн мөрдөн байцаагч нарын ширээнд нэлээд удаан дарагдаж байснаа өнгөрсөн хавраас АТГ-ын мөрдөн байцаагч нарын ширээнд очсон. Ингэхдээ бусад хэргүүдтэй нь нэгтгэн шалгахаар болсон гэх мэдээллийг Нийслэлийн прокурорын газрын нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж өгөв. Бусад хэрэг гэдэгт мэдээж АТГ-т байгаа Б.Хуяг, Н.Энхтуяа нартай холбоотой үйлдэл байгаа л гэж хүмүүс ойлгох байх.
Гэтэл шинэ хэрэг байгаа талаар эх сурвалж хэлсэн юм. Тэр нь хэд хэдэн компанийн дансаар дамжуулж, мөнгө угаасан байж болзошгүй үйлдэл гэнэ. Прокурорынхноос энэ талаар лавлахад “АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст иргэн Н.Энхбаярт мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад түдгэлзүүлсэн. “Тэнгри холдинг” компанийн захирлаар ажиллаж байгаад ял шийтгүүлсэн Х.Анхбаярын гадаадад үүсгэн байгуулсан компаниудын дансаар дамжуулан, өөрийн эзэмшдэг аж ахуйн нэгжүүдийн данс руу шилжүүлж авсан гэх үйлдэл байгаа” гэх мэдээллийг өгсөн юм.
Өөрөөр хэлбэл, Х. Анхбаярын Карибын арлуудад байгуулсан компаниудын дансаар дамжуулан гэмт хэргийн замаар олсон мөнгөн орлогоо “угаачихаад” экс Ерөнхийлөгч маань эх орондоо цэвэрхэн гэгч нь байршуулдаг байсан бололтой. Энэ мэт экс Ерөнхийлөгчтэй холбоотой үйлдлүүд Ардчилсан сонгуулийн 25 жилийн ойд зориулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдахгүй.
Түүнээс гадна өмнө нь шийтгүүлсэн үйлдлүүдийнх нь ялтай байдал дуусаагүй учраас ирэх хоёр сонгуульд нэр дэвших боломж хомс гэдгийг олон хуульч хэлж байна. Хамгийн сүүлд гэхэд өчигдөр хуульч Б.Энхбаяр www.itoim.mn цахим хуудаст өгсөн ярилцлагадаа “Уучлагдсан, хэзээ суллагдсанаас үл хамаараад найман жил ялтайд тооцогдож явна. Энэ хугацаанд төрийн алба хаших эрхгүй, сонгогдох эрхээ хязгаарлуулдаг. Экс Ерөнхийлөгч Н.Энхбаярын тухайд 2021 онд дуусах байх” хэмээн ярьсан.
Тэгэхээр ирэх сонгуулиудад Н.Энхбаярыг нэр дэвших эрхийг хязгаарлаж, түүний шалгагдаж буй зүйл ангиудад одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хориг тавилаа гэж хардах нь хэр оновчтой бол. Мэргэн уншигч та тунгаагаад үзээрэй.
Г.РАВЖАА