- Хэнтий-Дорнодыг замаар холбож буй компаниудын тавих замаас хасчээ -
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Зам, тээврийн сайд М.Зоригт зүүн гурван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажилтай танилцжээ. Хэнтий-Дорнодыг холбосон хатуу хучилттай авто замыг Улсын комисс хүлээж аваагүй байхад там болжээ.
Шинэхэн замынхаа хагарсан хэсэгт шороо овоолж хаасан байжээ. Энэхүү 50 км замыг “China geo-Engineering Corporation” 12.5 тэрбум төгрөгөөр тавьсан гэнэ. Тус компанид замаа засах үүрэг өгсөн ч биелүүлээгүй байгаа аж.
Зам, тээврийн сайд “China geo- Engineering Corporation” компанийн дэд захирал Ч.Тунгалагт уг замыг хүлээж авах боломжгүйг хэлээд торон хагарлыг арилгах, чанарын шаардлага хангахгүй материалыг солих, 52, 59 дэх цэгт хучилт хийх, тэгш бус байдлыг засах үүрэг өгчээ. Уг замыг засах үедээ тэмдэг, тэмдэглэгээ буруу тавьснаас болоод авто осол гарч, хүн гэмтсэн тухай Хэнтий аймгийн Замын цагдаагийн газрын ахлах зохицуулагч Т.Мөнхжаргал энэ үеэр Зам, тээврийн сайдад дуулгасан байна.
Тус замыг ашиглалтад хүлээн авах боломжгүй байгаагаас хот хооронд зорчигч тээвэрлэх чиглэл тогтоож чадахгүй байгаа аж. Энэ чиглэлд авто зам тавьж буй “Насны зам”, “Хансуун зам”, “Өвөр залаат”, “Бадрах ойл” компанийн ажилтай танилцахад санхүүжилттэй холбоотойгоор ажлаа оройтож эхэлсэн гэсэн тайлбар өгчээ. Гэсэн ч гэрээнд заасан хугацаандаа ажлаа дуусгахын тулд хүчээ дайчлан ажиллахыг тус ажлын зөвлөх “МСРС group” компанийн захирал Ж.Батсайхан тэдэнд зөвлөв.
“Бадрах ойл” компанийн ажлын явц 7-8 хувьтай байна. Гэсэн ч үүнийг зөвлөх компани нь хоёр хувь гэж үзэж буй аж. Харин “Өвөр залаат” компани 23 км зам барих ч одоогоор далангаа тавиад дуусах шатандаа оржээ. “Хансуун зам” компани энэ замын 27 км-ыг нь тавих ч асфальт завод нь Дорнодын Булганд байгаа нь асуудал болж буй гэнэ.
Учир нь 98 км-ийн цаанаас хүйтэнд асфальтаа зөөх боломжгүй. “Насны зам”, “Гашууны гол”-ын асфальтаас илүүчилбэл хучилтаа хугацаандаа дуусгах боломжтой ч тэдгээр компани энэ богино хугацаанд “Хансуун зам”-ын ажилд туслах боломжгүй гэнэ. “Насны зам” компани 43 км зам тавина. Ажиллах хүч, машин механизм хүрэлцээтэй ч удирдан зохион байгуулах ажилтны чадвар дутаж байгаа гэнэ.
ЗТЯ өнгөрсөн зургадугаар сард эдгээр компанитай гэрээ байгуулсан ч Хөгжлийн банк санхүүжилтээ оройтуулж өгснөөс ийн хугацаа алджээ. Гэсэн ч ажлаа хугацаандаа дуусгахгүй бол дараагийн арга хэмжээ авна гэж М.Зоригт сайд тэдэнд сануулаад Хөгжлийн банк замын компанитай хийх гэрээнд хойрго хандаж, улсын ажил цалгардуулсныг Засгийн газарт танилцуулахаа амлажээ.
Ингээд компаниудтай шинээр гэрээ байгуулж, “Бадрах ойл”, “Өвөр залаат” компанийг ажлаа хугацаандаа гүйцэтгэх боломжтой гэж үзсэн бол “Хансуун зам”-ын замын төгсгөл хэсгээс 10, “Насны зам”-ын замын эхлэл хэсгээс 15 км-ыг хасав. Харин эл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол тухайн компанийн зам тавих эрхийг цуцлахаар тогтжээ.
Түүнчлэн Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутагт Хэрлэн гол дээгүүр гүүр тавих ажилтай танилцсан байна. Гүйцэтгэгч нь ажлынхаа 80 хувийг нугалсан ч чанарын шаардлага хангахгүй байсан гэнэ. Тухайлбал, бүх тулгуураа цутгасан ч дам нурууны тулгуурыг зэвэрсэн төмрөөр хийжээ. Цементэлсэн хэсгийг нь алхаар цохиход бутарч байсан аж.
Төр өөртөө шаардлага тавьдаггүйгээс бүтээн байгуулалт чанаргүй болж байна гэж Зам, тээврийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг дүгнэжээ. Зам, тээврийн сайдын зөвлөл өчигдөр хуралдан, энэ тухай хэлэлцээд “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Б.Наранбатыг ажлаас нь чөлөөлжээ. Түүнийг зам тавих ажилд дорвитой хяналт тавьж чадахгүй байна гэж үзсэн аж.
Б.БАЙГАЛ