Монгол Улс нь Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр буюу КАРЕК-ийг энэ онд даргалж буй. Үүний хүрээнд тус хөтөлбөрийн “25 дахь удаагийн сайд нарын бага хурал” болон “КАРЕК-ийн бизнес форум-2026” өндөр түвшний арга хэмжээг өчигдөр Улаанбаатарт эхлүүллээ. 2001 оноос эхлүүлсэн КАРЕК хөтөлбөр нь өдгөө Афганистан, БНХАУ, Гүрж, Монгол зэрэг 11 улс болон хөгжлийн түншүүдийг нэгтгэсэн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны механизм болон өргөжжээ. Хөтөлбөрийн хүрээнд 25 жилд 300 төсөл хэрэгжүүлж, 57.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан байна. Түүнчлэн КАРЕК-ийн бүс нутагт 1.8 тэрбум хүн амьдарч, 20.6 их наяд орчим ам.долларын эдийн засгийг бий болгосон аж. Энэ нь дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 16.3 хувь юм. Өнгөрсөн хугацаанд КАРЕКийн хөтөлбөрийн гишүүн орнууд хоорондын худалдааны эзлэх хувь 1.9-өөс 4.9 болж өсжээ. Харилцан хөрөнгө оруулалтынх нь ч 25 жилд 3.3 хувьд хүрч нэмэгдэн, өдөрт гурван ам.доллараас бага орлоготой хүн амын эзлэх хувь 54.5-өөс 17 болж буурсан байна. Мөн 2001-2025 онд КАРЕК-ийн хөтөлбөрийн хүрээнд 300 бүс нутгийн төсөлд нийт 57.9 тэрбум ам.долларын санхүүжилт олгожээ. Үүнээс 19.7 тэрбум ам.долларыг Азийн хөгжлийн банк, 26.5-ыг нь хөгжлийн бусад түнш, 11.7 тэрбум ам.долларыг КАРЕК-ийн хөтөлбөрийн гишүүн орнуудын Засгийн газраас санхүүжүүлсэн гэнэ. Дээрх арга хэмжээ дөрвөн өдөр үргэлжлэн, олон талт асуудлыг хөндөн, хэлэлцүүлэг өрнүүлнэ.
С.Цэрэн