Манайд малын гоц халдварт ямааны годрон өвчин өнгөрсөн долоодугаар сарын сүүлчээр Өвөр Монголоос хил дамнан орж ирж, Төв аймагт тархсан билээ. Улмаар өнгөрсөн сарын сүүлчээр Говь-Алтай аймгийн Цогт сумд бүртгэгджээ. Тэнд нөхцөл байдал сайнгүй, сумын хэмжээнд халдварын эрсдэлээс сэргийлж 3000 гаруй ямааг устгалд оруулсныг орон нутгийн онцгой байдлын газраас мэдээллээ. Анх зургаан өрхийн 253 ямаа өвчилсөн нь лабораторийн шинжилгээгээр батлагдаж, 22 нь үхсэн бөгөөд халдварын голомтод 4000 орчим мал байсан гэх.
Түүнчлэн өвчин цаашид тархах магадлал нэмэгдэж, энэ сарын 27-ны байдлаар Говь-Алтайн Дэлгэр сумд годрон өвчин бүртгэгдсэнийг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн шинжилгээгээр баталгаажуулжээ. Халдварын эх үүсвэр Төв аймгийн Алтанбулаг сумаас Говь-Алтай руу тээвэрлэсэн 12 ямаанаас үүдэлтэй аж. Тухайн сумын малчин дээр дурдсанчлан Өвөр Монголоос арвас үүлдрийн дөрвөн ухна худалдаж авснаар найман сарын сүүлчээр мал нь өвчилж эхэлсэн байна. Мөн Төв аймгийн Сүмбэр, Говь-Алтайн Дарви сумынхан ч уг үүлдрийн ухна худалдан авсан тул албаныхан эл бүс нутагт тандалт, судалгааг үргэлжлүүлж байгаа аж.
Халдвар өдгөө тархаад буй Цогт, Дэлгэр сумд Говь-Алтай аймгийн Онцгой комисс болон мал эмнэлгийн байгууллагууд ажиллан, сүргийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, ариутгал, халдваргүйжүүлэлт, устгалыг шуурхай зохион байгуулж буй гэнэ. Годрон нь ямаан сүргийг 100 хувь өвчлүүлж, 80-90 хувийн хорогдолд хүргэдэг аюултай өвчин тул малчдыг малаа тогтмол ажиглаж, хамраас идээт шингэн гоожих, амнаас хөөс сахрах, гуйвах, толгойгоо унжуулах зэрэг шинж тэмдэг илэрвэл мал эмнэлэгт яаралтай хандахыг анхаарууллаа.