Хослол өмсөж, цүнх барьсан буурлууд, залуу судлаачид Шинжлэх ухааны академийн нэгдсэн байрны хурлын танхимд цугларлаа. Болзсон цагаасаа өмнө ирсэн зарим нь “Сайхан намаржиж байна уу, бие тэнхээ сайн биз дээ” гэж бие биенээсээ асууж, халуун дулаанаар хөөрөлдөх аж. Тэдний ярианаас “Ангийнхаасаа хамгийн түрүүнд гэрлэсэн нь манай Сампил” хэмээх үг содон сонсогдлоо. Ингэж хэлчихээд нүүр дүүрэн инээх эрхэм бол академич Х.Сампилдэндэв агсны дотнын анд академич Л.Болд байв. Урилгаар ирсэн хүмүүс ШУА-ийн жинхэнэ гишүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн, академич Хорлоогийн Сампилдэндэв агсны мэндэлсний 75 жилийн ойд зориулсан “Соёлын өв, туршлага” сэдэвт дугуй ширээний уулзалтын зочин байсан юм.
Дугуй ширээний уулзалтыг нээж, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиол судлалын салбарын эрхлэгч, доктор С.Байгалсайхан “Бид багшийнхаа 70 насны ойгоор эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан. Энэ удаад Хэл зохиолын хүрээлэнгийнхэн, багштай хамтран зүтгэж явсан найз нөхөд, үе үеийн шавь нар, гэр бүлийнхэн нь оролцож, хэлэлцүүлэг өрнүүлэх боллоо” хэмээв. Зууван хэлбэрийн урт хүрэн ширээг тойрон суух зочдыг тэрбээр нэг нэгээр нь танилцуулав. Х.Сампилдэндэв агсныг хамгийн сайн мэдэх хүрээлэнгийнх нь нөхөд, мөн залуу үеийн төлөөлөл болсон судлаачид ч иржээ. Зочдыг танилцуулсны дараа Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Л.Болд хүрэлцэн ирсэн олонд мэнд дэвшүүлж, найзынхаа тухай дурсамж дэлгэв. Зарим үед түүний нүднээс нулимс дусалж, хоолой нь зангирч байлаа. Тэрбээр Х.Сампилдэндэв агсантай оюутан ахуй цагаасаа нөхөрлөж, хүрээлэнгийн хаалгыг хамт татаж, ажил амьдралаа холбожээ.
Х.Сампилдэндэв агсан ХХ зууны утга зохиолын судлал, шүүмжлэлийг үүсгэн, хөгжүүлэгчдийн төлөөлөл. Тэр дундаа мэргэжлийн түвшний шүүмжлэгч байсныг уулзалтад оролцогчид онцоллоо. Тэрбээр судалгааны ажлаа 1970-аад оноос эхэлж, “Уран дүрслэл, орчин үе” анхны номоо 1975 онд өлгийдөн авчээ. Үүнээс жилийн дараа “Нойр хулжсан зүүд буюу уран зохиолын дүрийн логикийн асуудалд” хэмээх хоёр дахь бүтээлээ хэвлүүлсэн байна. Мөн “Найргийн наадам жаран чавганцын уралдаан биш”, “Шүүмжлэлийн тухай шүүмжлэлт эргэцүүлэл” зэрэг бүтээл туурвисан нь өдгөө оюутнуудын гарын авлага, судлаачдад ширээний ном болжээ.
Ардын уран зохиолч Т.Галсан гуай үе үе хөгжилтэй үг хэлж, зочдыг инээлгэнэ. Тэрбээр “МУИС-ийн монгол хэл, уран зохиолын ангийг төгсөөд хүрээлэнд очиж, аман зохиол судлаач болсон Сампил минь аливааг нүдэнд харагдтал бичиж, нийтэлдэг байв. Багшаа хүндэлдэг жудагтай хүн байсан” гэсэн юм. Х.Сампилдэндэв агсны шавь, Хэл зохиолын хүрээлэнгийн Аман зохиол судлалын салбарын эрхлэгч, доктор А.Алимаа “Соёлын биет бус өвийн судалгааны суурийг тавьсан анхны эрдэмтдийн нэг нь Сампил багш. 30 жил салбартаа ажилласан багш минь 2003-2004 онд нэлээд олон номоо хэвлүүлсэн. Аман зохиолыг хэрхэн судалж, түгээн дэлгэрүүлэхийг бидэнд сургасан” гэв. Түүний бүтээж, туурвисан ном товхимол одоо ч үнэ цэнээ алдаагүй, судалгааны материал болсоор буй аж.
1960-1980 онд Монголын уран зохиол төрөл зүйлийн хувьд цар хүрээгээ тэлж, хэл найруулга жигдэрсэн гэж судлаачид үздэг. Үүнээс гадна мэргэжлийн шүүмжлэгчидтэй болж эхэлсэн гэдэг. Ийнхүү уран зохиол “төлөвшин” хөгжихөд онцгой үүрэг гүйцэтгэж, онолын шинжтэй маргаан, мэтгэлцээн өрнүүлдэг байсан нэгэн эрхэм нь академич Х.Сампилдэндэв гэдгийг нөхөд нь онцоллоо. Бас өнөө үед түүнийх шиг шүүмжүүд үгүйлэгдэх болсныг судлаачид тэмдэглэв. Түүнчлэн зарим судлаач соёлын биет бус өв болох утга зохиол, аман зохиолоо судлах, түгээн дэлгэрүүлэхэд төр, засгийн зүгээс хэрэгжүүлэх нэгдсэн бодлого нэн шаардлагатай байгааг онцлов. Энэ жил Засгийн газрын шийдвэрээр Соёлын яам байгуулсан. Үндэстний дархлаа болох соёлын биет ба биет бус өвийг дэлгэрэнгүй судлах, сурталчлан таниулах, хамгаалах зэрэгт тус яам анхаарал хандуулах болов уу гэсэн хүлээлт олон судлаачид байгаа анзаарагдсан. Академич Х.Сампилдэндэв агсны 75 насны ойн хүрээнд зохиосон дугуй ширээний уулзалтыг нүдээ олсон арга хэмжээ гэж дүгнэх хүн цөөнгүй байлаа. Эл арга хэмжээнд үг хэлэх боломж олдсон хэн бүхэн түүний шаргуу хөдөлмөрч зан, ажилдаа үнэн сэтгэлээсээ хандах зүтгэл, хувь хүний мөн чанарын тухай өгүүлж байв.
Дугуй ширээний ярилцлагад оролцсон зочдын сэтгэгдлээс хүргэе.
Г.ДОЛЖИНЖАВ (Х.Сампилдэндэв агсны гэргий):
-Би ханьтайгаа 1965 онд танилцсан. Хань минь илүү зангүй, халамжтай хүн байсан. Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтнаас секторын эрхлэгч болтлоо сайн ажилласан. Үг, үйлдлээрээ үр хүүхдэдээ үлгэр дуурайл үзүүлэн, сайн хүн болгож, өсгөсөн. “Ирээдүйд ямар байхыг хүсэж байна, түүн шигээ л үр хүүхдээ хүмүүжүүл”, “Өөрийнхөө хийж байгаа ажлыг үүрэг гэж бод” хэмээн надад захидаг сан. Их ажлын хажуугаар гэр бүлдээ ч цаг зав гаргаж чаддаг хүн байлаа. Ялангуяа үр хүүхдийнхээ боловсролд их анхаарна. Хаана, ямар сургуульд суралцах, ямар мэргэжил эзэмших, амьдралын нарийн ухаан зэргийг зааж сургана. Хамгийн чухал нь хүн хүнээрээ байх ёстой гэдэг зарчим баримталдаг хүн. Би ардын армийн цэргээс академич болтол нь аавтай чинь ханилсан гэж хүүхдүүддээ хэлдэг. Аман зохиол судалдаг байсан учир “Удам муутын хойморт бүү гар” хэмээнэ. Насан туршид чинь түшиг болж, удмыг чинь залгуулах хүнтэй л суу гэсэн үг.
Т.БААСАНСҮРЭН (Зохиолч, сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор):
-Х.Сампилдэндэв бид хоёр нэг үеийнхэн. Монголын зохиолчдын эвлэлийн төвд ихэвчлэн таардаг байлаа. Найз минь шинийг санаачилдаг, түүнийгээ сайн хэрэгжүүлдэг, зохион байгуулдаг, хөдөлмөрч, үзэл бодолдоо үнэнч хүн байсан. Жишээлбэл, “ХХ зууны монгол зохиолчид” цуврал 99 боть ном бүтээхийг санаачилсан. Монголын орчин үеийн уран зохиолын нэрт 99 төлөөлөгчийн намтар, уран бүтээлийн товчооныг тус тусад нь товхимол болгон эмхэтгэсэн бүтээл л дээ. Тухайн үед Хэл зохиолын хүрээлэнг өөр хүн удирдаж байсан бол эл санааг гаргах, эсэх нь эргэлзээтэй. Мөн “Монголын уран зохиолын дээжис” 108 боть номын редакцын зөвлөлд нь ажилласан. Тэр бусдын бүтээлийг шүүмжлэхдээ хэн нэгний захиалгаар биш, зөвхөн өөрийн хүсэл сонирхлоороо бичдэг байв. Шинээр гарсан бүх зохиолыг судалж, задлан шинжилгээ хийчихдэг шуурхай хүн байлаа. Шинжлэх ухааны үндэслэлтэй шүүмж бичдэг, торгон мэдрэмжтэй судлаач байсан юм.
Л.БОЛД (Цаатан түмний хэл судлаач, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич):
-Манай Сампил оюутан цагаасаа эрдэм шинжилгээний хуралд идэвхтэй оролцдог байсан. Намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын шийдвэрээр 1971 онд их сургуулиа төгссөн хоёр оюутныг ШУА-д хуваарилсан. Тэр нь Сампил бид хоёр. Найзыг минь академич П.Хорлоо, намайг А.Лувсандэндэв багшид хариуцуулсан. Тэр долоо хоногт нэг удаа төвийн хэвлэлд уран зохиолын шүүмж нийтлүүлнэ. Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлдэг байлаа. Хэзээ ч зүгээр суудаггүй. “Монгол аман зохиолын дээжис” цуврал номын 10 гаруйг нь өөрөө бүтээсэн. 59 настайдаа 68 бүтээлээрээ үзэсгэлэн гаргасан удаатай. Хүрээлэнд ажиллаж байхдаа залуу боловсон хүчнийг бэлтгэж, эгнээндээ элсүүлдэг нөхөрсөг анд байсан юм.
Ч.ЖАЧИН (Гавьяат багш, доктор, профессор):
-Монголын биет бус соёлын өвийг гарамгай судалж, олон нийтэд сурталчилж, охь шимийг нь түгээн дэлгэрүүлж, үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан эрхмүүдийн нэг. Би 1978-1983 онд түүний удирдлагад ажиллаж байсан. Тэр цагаас хойш ажил, амьдралын бүхий л үед салшгүй холбогдож, ганзага дөрөө харшуулж явлаа. Дугуй ширээний уулзалтыг хэд хэдэн чухал ач холбогдолтой боллоо гэж дүгнэж байна. Нэгдүгээрт, Х.Сампилдэндэв гуай ямар ямар өв үлдээснийг тодруулж болохоор. Ардын сурган хүмүүжүүлэх салбар ухааныг хөгжүүлэхэд түүний оролцоо их. Аман зохиолыг дан ганц урлаг гэж ойлгох нь өрөөсгөл. Тухайлбал, түүний бичсэн “Хүүхдийн аман зохиол” гэж ном бий. Монголчууд аман зохиолоор дамжуулан үр хүүхдэдээ юу үлгэрлэн сургадгийг эндээс мэдэж болно. Мөн эртний болон орчин үеийн уран зохиол, соёл, ёс заншлыг хослуулан, олон салбарын уулзварт судалгаа хийдгээрээ онцлог нэгэн байв. Судлаач хүнд архив, бичиг баримт хамгийн гол хэрэглэгдэхүүн нь байдаг. Түүний туурвисан олон бүтээлээс гадна цуглуулсан өв нь судлаачдын нээх ёстой үүц гэж ойлгодог. Эдгээр бүтээлийг судалгааны ажилдаа хэрэглэх, цаашлаад шавь нартаа өвлүүлэх нь өндөр ач холбогдолтой. Хэл зохиолын хүрээлэнгийнхэн судалгаа хийхэд хөрөнгө мөнгөний гачигдлаас үүдэн хүндрэл бэрхшээлтэй тулгардаг. Уг нь манайд судлах материал, өв их бий ч алсыг харсан бодлого дулимаг байна.