- 220 орчим сая ам.долларын төсөв шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоолол гарчээ -
Монгол Улс хорт хавдраар жилд 4000 гаруй иргэнээ алддаг. Өнгөрсөн онд улсын хэмжээнд хорт хавдрын хяналтад 32 979 хүн байсан бөгөөд шинээр 8015 иргэн өвчилж, 4747 хүн нас барсан байна. Энэ нь эл өвчний улмаас хоногт ойролцоогоор 13 хүн амиа алдсан үзүүлэлт юм. Гурван сая гаруйхан хүн амтай улсад хорт хавдрын хор хөнөөл хэтэрхий их байгааг гадныхан гайхаж, жишээ болгонярих нь бий. Халаглахаас өөрөөр иргэдээ энэ аюулт өвчнөөс хамгаалахын төлөө төр засаг, эрх бүхий албан тушаалтнууд юу хийж өдий хүрэв. Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв барина гэсэн чихэнд чимэгтэй мэдээ дуулдаад даруй хоёр жилийн нүүр үзэх нь. Эмнэлэг барих сургаар эл өвчин эдгэрчихгүй нь лавтай тул хорт хавдраар энэлэн шаналагчид хуучин төвийн босгыг элээсэн хэвээр. Өдгөө 65 “настай” Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийнхөн ачааллаа дийлэхгүй, хөл, толгой нь олдохгүй газар болсон.
ДАРААГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН Ч АНХААРАХ АСУУДАЛ
Монгол Улсад хавдрын шинэ эмнэлэг барихгүй бол өвчлөл дийлдэхгүй хэмжээнд хүрснийг эмч, мэргэжилтнүүд ярьсаар ирсэн. Гэвч эмнэлэг барих нь бүү хэл, байгаагаа ч олигтойхон тордож чадахгүй, дээврээс нь дусаал гоожиж, хэдэн сая ам.долларын өртөгтэй шинэ тоног төхөөрөмжөө усанд автуулж байсан гашуун түүх бий. ХСҮТ-өөс бусад томоохон эмнэлэгт элэг, ходоодны хорт хавдрын оношилгоо, эмчилгээ, мэс заслыг нутагшуулж буй ч нарийн мэргэжлийн эмч, мэс засалч, тоног төхөөрөмжийн хомсдол байсаар. Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2024 онд захирамж гарган, “Хавдар-2” төв барихад дэмжлэг үзүүлэх ажлын хэсэг байгуулсныг Эрүүл мэндийн яамнаас тухайн оны арванхоёрдугаар сарын 17-нд сүр дуулиантай мэдээлж байв. Ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх Н.Хүрэлбаатар тэргүүлж, Сангийн болон Эрүүл мэндийн сайд, УИХ-ын гишүүд, АШУҮИС болон ХСҮТ-ийн захирал бүрэлдэхүүнд нь багтсан юм. Бүтээн байгуулалтын ажлыг мэргэжил, арга зүйгээр хангаж, дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулсан ажлын хэсгийнхэн юу хийж буй нь бүрхэг, иргэд ч “Хавдар-2” төв юу болж байна вэ хэмээн сураг тавьсаар сууна.
Ерөнхийлөгчийн ивээл дор бүтээн байгуулах “Хавдар-2” төвийг Сонгинохайрхан дүүргийн нутаг, олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн орчимд барих юм. Өөрөөр хэлбэл, тус дүүргийн Баянголын аманд 15 га газар чөлөөлж, 2025 оны улсын төсөвт 10 тэрбум төгрөг суулгасан. Эл хөрөнгийг эмнэлгийн хашаа, тохижилтын ажилд зарцуулсан аж. Өнгөрсөн оны эхээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, салбарын сайд, нийслэлийн Засаг дарга нарыг дагуулан хоосон газраа эргэчхээд ирсэн. “Ерөнхийлөг чийн ивээл дор бүтээн байгуулах Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв” гэсэн хаягтай хос самбараас өөр зүйлгүй тал газар очиж, газар усаа аргадан, сүсэглэн “залбирсан” байна. Тухайн үед Ерөнхийлөгч “Хавдрын урьдчилан сэргийлэх, оношилгоо эмчилгээ, сургалт, эрдэм шинжилгээний цогцолборыг илүү орчин үеийн өргөн цар хүрээтэй, дэлхийн жишигт нийцсэнээр нь маш яаралтай барьж, байгуулах хэрэгтэй. Манай улсын гадаад харилцаа өргөжиж байгаа. Иймээс зөвхөн улсын төсөв гэлтгүй, гадаад харилцааг ашиглан энэхүү төслийг урагшлуулна” гэж байв. Гэвч одоогоор гадаадын улс орноос хөрөнгө татсан, хамтын ажиллагааны хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажил алга.
“Хавдар-2” эмнэлгийг 2024-2030 онд барихаар төлөвлөсөн. Өнгөрсөн оноос л газар шорооны ажил хийж, дэд бүтцийн асуудлыг нь шийдвэрлэж буй. Ингэж яст мэлхийн хурдаар бол товлосон хугацаандаа ашиглалтад орох, эсэх нь эргэлзээтэй. Ирэх онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Хавдрын өвчлөл айл бүрийн асуудал болсон өнөө цагт дараагийн шинэ Ерөнхийлөгч ч үүнийг асуудлын гадна үлдээлгүй, анхаарах хэрэгтэйг дурдахад илүүдэхгүй биз.
УЛСЫН ТӨСӨВТ 34 ТЭРБУМ ТӨГРӨГ СУУЛГАЖЭЭ
Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төв барихад 220 орчим сая ам.долларын төсөв шаардлагатай гэсэн урьдчилсан тооцоолол гарчээ. Энэ онд 34 тэрбум орчим төгрөг төсөвлөсөн байна. Мөн гадаадын хандив, тусламж хөөцөлдөж буй аж. Тодруулбал, БНСУ-ын “Эксим” банкнаас тусламж авахаар төлөвлөж, тус улсын эрүүл мэндийн технологиудыг нутагшуулахаар зэхэж байгаа гэнэ. 1500 орчим эмч, мэргэжилтэн ажиллаж, 600 гаруй хүн хэвтэн эмчлүүлэх хүчин чадалтай “Хавдар-2” нь эрдэм шинжилгээ, судалгааны төв, Сувилахуйн сургууль гээд цогц байгууламж болох юм. Өөрөөр хэлбэл, тус төв нь энгийн нэг эмнэлэг бус, хавдрын өвчлөлийг генетик, молекулын түвшинд эмчлэх, тусламж, үйлчилгээг илүү сайжруулж, дэлхийн жишигт нийцсэн томоохон бүтээн байгуулалт гэдгээрээ онцлог. Хавдрын нарийн мэргэжлийн эмч, сувилагчдыг бэлдэхэд зардал ихтэйн дээр тоног төхөөрөмжийн өртөг өндөр. Тухайлбал, MRI, СТ, цөмийн оношилгооны аппарат, туяа эмчилгээний шугаман хурдасгуур гээд өндөр өртөгтэй тоног төхөөрөмж шаардлагатайг мэргэжилтнүүд хэлж байна. Тиймээс анхнаасаа цөмийн оношилгооны аппарат байрлуулахад аюулгүй байдлыг хангахаас эхлээд онцгой анхаарал шаардлагатай гэнэ.
ХҮҮХДИЙН ХАВДРЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ НЭГТГЭНЭ
Манай улс дэлхийн 185 орноос хавдрын өвч лөл, нас баралтаар 45 дугаарт бичигдэж байна. Үүн дотроо элэг, ходоодны хавдрын нас баралтаар тэргүүлсээр. Өвчтөнүүдийн олонх нь хожуу шатандаа буюу амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжгэнэ сэн үедээ эмнэлэгт ханддаг байдал хэвээр. Өнгөрсөн онд гэхэд 8015 хүн хорт хавдар тусжээ. Тэдний олонх буюу 2157 нь элэгний хавдраар оношлогдсон байна. Нэг анзаарах зүйл нь элэгний хавдар 2024 оны мөн үеийнхээс бага зэрэг буурч, ходоод, бөөр, умайн хүзүү, хөхнийх нэмэгдсэн аж. Тодруулбал, ходоодны хорт хавдраар 2024 онд 1326 хүн өвчилсөн бол 2025 онд 1336 болж нэмэгджээ. Мөн умайн хүзүү 29, өндгөвч 20, түрүү булчирхай 15, бөөр 10 тохиолдлоор тус тус нэмэгдсэн байна.
Өөр нэг тоо хэлэхэд, дэлхийд нийт нас баралтын 17 хувийг хорт хавдар эзэлж буй бол манайд 24 хувьтай байгаа юм. Иргэдийг эрт илрүүлэгт хамруулах, урьдчилан сэргийлэх ажилд төр засаг гол анхаарлаа хандуулахгүй бол хавдраас шалтгаалсан нас баралт буурахгүй нь. 2030 оныг хүлээгээд байлгүй аймгуудын эрүүл мэндийн төвд хавдрын тусламж, үйлчилгээ үзүүлж, тоног төхөөрөмжөөр хангах хэрэгцээ, шаардлага байсаар. Орон нутагтаа буруу оношлуулаад өвчин нь хүндэрч, улсын эмнэлэг бараадаж, амь аврагдсан тохиолдол гарсаар байна. Мөн хүүхдийн хавдрын тусламж, үйл чилгээг ч нэг дор зангидах хэрэгцээ, шаардлага үүссэнийг мэргэжилтнүүд хэлэв. Хавдрын тусламж, үйлчилгээ хүүхэд, насанд хүрэгчид ялгаагүй нэг дороо төвлөрөх нь үйлчлүүлэгчид ээлтэй бөгөөд цаг алдахгүй сайн талтай юм.
Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвийг өнгөрсөн онд Орхон аймагт нээсэн. Тэгвэл Ховд аймагт баруун бүсийн төв барих сурагтай байна. Ингэж хавдрын тусламж, үйлчилгээг бүс нутагтаа авах боломжоор хангаж чадвал улсын хэмжээнд цор ганц ХСҮТ-ийн ачаалал эрс багасах нь ойлгомжтой. Гэвч ажиллах хүн хүч, өндөр өртөгтэй тоног төхөөрөмж, түүнийг нь ажиллуулах техникийн мэргэжилтнүүд гээд асуудал дуусахгүй. Ямартай ч өвчиндөө шаналсан олон хүний хүсэн хү лээж буй “Хавдар-2” төв барих алхмыг улсын төсвөөр эхлүүлээд байна. Цаашид олон улсаас хөрөнгө татахад анхаарахгүй бол 220 орчим сая ам.долларын төсөвт өртгийг дан ганц иргэдийн халааснаас гаргана гэдэг амаргүй даваа болохыг эрх баригчид эрх биш гадарлаж буй биз.
Ц.БАТБОЛД: Шинэ төвд ажиллах эмч, мэргэжилтнийг ирэх оноос бэлдэнэ
Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн захирал Ц.Батболдоос зарим зүйлийг тодрууллаа. Тэрбээр “Хавдар-2” төслийн ажлын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй.
-Эмнэлэг барих ажлын явц ямар шатандаа явж байна вэ?
-2024 оны арванхоёрдугаар сард Ерөнхийлөгчийн захирамжаар “Хавдар-2” төслийн ажлын хэсэг байгуулагдсан. Үйл ажиллагаа нь 2025 оны нэгдүгээр сараас эрчимжиж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд 20 гаруй ажил хийсэн байна. Тухайлбал, урьдчилсан ТЭЗҮ боловсруулж, цахилгаан, дулаан, дэд бүтцийн асуудлыг шийдсэн. Гадна хашаа барих ажил 35, үер, усны далан байгууламжийн гүйцэтгэл 75 хувьтай байна. Мөн, ногоон байгууламжийн ажил хийгдэж байгаа.
-Төслийн хүрээнд 1500 гаруй эмч, мэргэжилтэн бэлдэнэ гэсэн. Хэзээнээс эхлэх вэ?
-БНСУ-ын “Йонсей” их сургуулийн “Северанс” эмнэлгийн “Global health” төвтэй хамтран хүний нөөцөө бэлдэх урьдчилсан төлөвлөгөө боловсруулсан. Ингэснээр 2027 оноос эхлэн мэргэжилтнүүдийг үе шаттай бэлдэх юм. Бүтээн байгуулалтын үндсэн ТЭЗҮ-ийг боловсруулсны дараа буюу энэ хавраас барилгын ажлыг эхлүүлэх болов уу.
-Хавдрын шинэ эмнэлэг барьснаар иргэдэд ямар ач холбогдолтой байх вэ. Дахиад нэг барилга бариад орхих вий гэсэн хардлага байна л даа.
-ДЭМБ-ын дэргэдэх хавдрын статистик мэдээллийн “Глобокан” сангийн судалгаагаар дэлхий нийтэд хавдрын өвчлөл, нас баралт 2040 онд 2-3 дахин нэмэгдэх шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоолол гарсан. Тэгэхээр хорт хавдрын өвчлөл зөвхөн Монголд биш, дэлхий нийтийн тулгамдсан асуудал болжээ. Хавдрын өвчлөлийг нэмэгдүүлэх олон хүчин зүйл бий. Тухайлбал, дэлхийн хүн амын даац хэтэрч байна, хүрээлэн буй орчны бохирдол, амьдралын дэглэм, хэв маяг өөрчлөгдөхийн зэрэгцээ цахим хэрэглээ хэт ихэссэн нь хавдрын нөхцөлдүүлэх хүчин зүйлс болж буй. Манай улс энэ бүхнийг урьдчилан харж, хавдраас сэргийлэх, хариу арга хэмжээ авч буй нь “Хавдар-2” эмнэлэг барих явдал юм. Дэлхий дахинд хавдрыг генетик, молекулын түвшинд эмчилж байна. Манай эмч нарын ур чадвар ч ялгаагүй дэлхийн түвшинд хүрсэн.
“Хавдар-2” төвд туяа, хими, бай, дархлаа эм чилгээ хийхээс гадна оношилгооны хувьд илүү нарийсаж, тандалт судалгаа, эрдэм шинжилгээний төв, сургууль бүхий иж бүрэн цогцолбор байх юм. Ийм төвтэй болсноор хавдраас шалтгаалах нас баралтыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг сайжруулж, эрсдэлт хүчин зүйлийг бууруулан, хавдрыг эрт үед нь илрүүлж чадвал эмчлэх боломжтой өвчин шүү дээ.