Хүүхдүүдээ дагуулсан ээж, аавууд #номын_баяраар дүүрэн. Сурагчид, оюутнууд мөн ангиараа иржээ. Хөвгүүд найз охидоо хөтлөөд алхана. Эсвэл найзуудаараа хөгжилдөж яваа харагдана. Талбайг тохижуулсан зүлгэн дээр сууцгаан авсан номоо уншиж, зарим нь гар бөмбөг тоглоно. Харахаар л нэг тийм гэгээлэг сайхан.
Номын баярын нээлт төв талбайн урд хэсэгт босгосон үзбек плов гэж нэрлэсэн “будаатай хуурга”-ны асрын зүүн хэсэгт болов. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар баярыг нээж, оролцогчдод, уншигчдад баярын мэнд хүргэнэ лээ. Тэрбээр 37 дахь удаагийн номын баяр ном унших соёл, дадлыг төлөвшүүлэх, зохиолч, хэвлэн нийтлэгчид шинэ бүтээлээ олон нийтэд хүргэх боломж бүрдүүлэх, уншигчдыг урамшуулах, соёлын үнэт орчныг хөгжүүлэх ач холбогдолтойг онцоллоо.
Асрын баруун талд уран бүтээлч Лундаагийн Доржбат бие даасан уран зургийн үзэсгэлэнгээ дэлгэсэн байв. Талбайн бусад хэсгийг мэдээж ном зохиолын дээжээ өргөн олонд түгээж буй зохиолчдын болоод паблишнгуудын номын худалдаа асрууд эзэгнэжээ. Өнөө жил хуучин ном борлуулагчид бас асарт тухалжээ. Өмнөх жилүүдэд асруудын чөлөөгөөр цаасан хайрцаг эгнүүлэн тавьж, дээр нь номоо өрчихсөн борлуулж харагддаг сан.
Зарим хүүхэд асар ч үгүй, цаасан цаасан хайрцаг ч үгүй. Гэхдээ хиймэл зүлгэн дээр уншсан цөөн хэдэн номоо дэлгэчихсэн суух аж. Өвдөг дээрээ цомцойгоод суучихсан “Ном аваарай ном аваарай” гээд цовоо дуугаар уриалан дуудах нь өхөөрдөм. 1990-ээд оны зарим хүүхэд “Ундаа 100” хэмээн улаан ус борлуулж, номын мөнгө олдог байсан бол одоогийнх уншсан номоо борлуулдаг болжээ.
Сэтгүүл зүйн салбарынхнаас “Зууны мэдээ” сониныхон Хэвлэлийн хуудаснаас 27 жил салаагүй сэдэв: “С.Зоригийн хэрэг” нэртэй шинэ номоороо оролцсон. Үүнээс гадна “Нэст” паблишнгийнхэн “Дарангуйлагчтай хэрхэн тэмцэх вэ?”, “Үл үзэгдэх эмэгтэйчүүд”, “Сэтгүүл зүй худал мэдээ ба хуурамч мэдээлэл”, “Баримт шалгах гарын авлага” номтойгоо ирсэн байлаа.
Жил бүр дунджаар 300000 гаруй хүн, 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 орчим зохиолч, орчуулагч, зураач, редактор, эрдэмтэн судлаач оролцдог “Номын баяр”-т энэ жил ОХУ, БНХАУ, БНСУ-аас зохиолч, хэвлэн нийтлэгчид оролцов.
Монгол Улсад жилд дунджаар 4000 орчим шинэ болон дахин хэвлэлтэй бүтээл хэвлэгдэж, сүүлийн таван жилд 18000 гаруй ном олон улсын стандарт дугаарт бүртгүүлсэн байна. Эдгээрийн 22 хувь нь уран зохиол, 10 хувь нь боловсрол, 13 хувь нь намтар, түүх, үлдсэн нь бусад шинжлэх ухаан, соёл, нийгмийн чиглэлийн бүтээлүүд юм.
Монголын үндэсний их сургуулийн оюутнуудын сургуулиа сурталчилж буй Роботууд эрэлт хэрэгцээ ихтэй байв. Тэнд очсон хүүхэд бүртэй роботууд найрсгаар мэндэлж зургаа татуулж байсан билээ.
Номын баярын хажуугаар #Огцрох_амархан жагсаалынхан төв талбайн хойд хэсгийг эзэгнэж, #Уран эсэргүүцэгчид Сүхбаатарын хөшөөний урд хэсэгт гарын үзэг цуглуулж байв. Үе үе “Огцрох амархан” хэмээн хашхирах дэмжигчдийн дуу талбайгаар нэг нүргэлнэ. Зарим номын паблишн асрынхаа дээрх хаягийг “Огцрох амархан” хэмээх үгээр чимсэн нь нүдэнд тусна. Талбай дүүрэн л хөөр баяр бас хөл хөдөлгөөн. Уранчид харин чимээгүйхэн. Тэдэнтэй зэрэгцээд бяцхан охиныхоо өвчнийг ялан дийлэхийг хүсэж, хандив гуйсан аав, ээж хайрцгаа тэврээд зогсоно.
Хуушуур, зайрмаг, ундаа, тоглоомын худалдаа цөөхөн боловч гарчээ. Мөн дугуй түрээслэгчид ч өөртөө таарсан жижиг зай олоод төвхнөжээ.
Энэ жилийн номын баярын шилдгүүд:
• Шилдэг ном: Р.Оюунжаргалын The story of a little nomad
• Шилдэг хэвлэлийн газар: “Нэпко”
• Шилдэг уншигч – Насанд хүрэгч: Архангай аймгийн “Ном бол цөм” клуб
• Шилдэг номын сан: “Мөнххада” номын сангийн төсөл (ЕБС-ийн номын сан тохижуулсан)
Шилдэг уншигч хүүхдүүд:
• Ахлах анги: Булган аймгийн 1 дүгээр сургуулийн 10а анги
• Дунд анги: Дархан-Уул аймгийн “Оюуны ирээдүй” сургуулийн 4-9 анги
• Бага анги: “Сант” сургуулийн 4а ангийн сурагч Б.Есүй
• Шилдэг уншигч анги: Дархан-Уул аймгийн “Цайхун” сургуулийн 7а анги (Багш: Г.Хулан)
“Мэргэн ном”-ын шагнал:
• Зохиолч Ц.Дөлгөөн (Authentic Mongolia)
• “Аргун” хэвлэлийн газар
• Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким
Мөн нэр бүхий 13 хүүхдийг “Тэргүүний уншигч Д.Нацагдорж” тэмдгээр шагнажээ.
Номын баярыг “Номын соёлт ертөнц” ТББ санаачлан, Ерөнхийлөгчийн Тамгын газар болон холбогдох яам, байгууллагууд хамтран баасан, бямба, ням гарагт зохион байгуулсан юм. Номын баярт оролцогчид номууддаа 10-60 хямдрал зарласан номын хорхойнуудын төв талбайг зорин очих бас нэг шалтгаан болсон.