Бээжингээс “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 2024 оны арванхоёрдугаар сарын 5-нд буусан онгоцоор ирсэн хятад иргэдийг барьцаалж, нэгнийх нь амийг галт зэвсгээр хохироосон хэрэг гарсныг бид цаг тухайд нь мэдээлж байсан билээ. Уг хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газар (НПГ)-т өнгөрсөн гуравдугаар сард шилжүүлсэн юм. Уг хэргийг манай улсад түр оршин суудаг нутаг нэгтнүүд нь болох Лиү Бөван, Шү Ханмин нар монгол залуусын хамтаар үйлдсэн нь тодорхой болсон. Уг хоёр хүн тосож авсан хятадуудынхаа нэгнээс нэг сая юань нэхэж, данс руу шилжүүлэхийг шаардсан бөгөөд энэ үедээ нэгийг нь зодож, гэмтээсэн бол нөгөөг нь буудаж хөнөөсөн юм. Дээрх хоёр хятад иргэн бүртгэлгүй, бичиг баримтгүй галт зэвсгийг манай нэг иргэнээс аваад хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагаагаар тодорхой болсон гэнэ. Дээрх хоёр хүнтэй хамт нутаг нэгтнийх нь аминд хүрсэн хэрэгт Мон - гол Улсын иргэн А.Даянтөмөр, А.Тэнгис нарыг буруутган Эрүүгийн хуулийн 10.1-2.11 дэх хэсэгт заасан бүлэглэж, хүний аминд хүрсэн хэмээн яллагдагчаар тооцсон билээ. Тэгвэл НПГ-аас дээрх дөрвөн хүнд Эрүүгийн хуулийн 10.1-2.4, 10.1-2.11 дэх хэсгийн “бүлэглэж, өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор хү¬ ний амь хөнөөсөн”, 13.3-2.2-т заасан “хоёр болон түүнээс олон хүнийг барьцаалсан”, 17.6-1-ийн “Бусдыг эд хөрөнгөө шилжүүлэн өгөхийг шаардаж өөрт нь хүч хэрэглэсэн” гэснийг үндэслэн яллан дүгнэлт үйлджээ. Улмаар Лиү Бөван, Шү Ханмин, А.Даян¬төмөр, А.Тэнгис нарын гэм буруутай, эсэх, хэрэгт ямар оролцоотойг нь дэнслүүлэхээр Баянгол, ХанУул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.