Улсын хэмжээнд өнгөрсөн баасан гаргийн байдлаар объектын гал түймрийн 2086 дуудлага бүртгэгджээ. Үүний 310 буюу 14.8 хувь нь өнжмөл шар өвс шатааснаас гал алдсан дуудлага байж. Эдгээрийн 246 буюу 79.3 хувь нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гарчээ. Мөн энэ он гарснаас хойш 12 аймгийн 58 сум, нийслэлийн гурван дүүрэгт ой, хээрийн түймэр 88 удаа бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 34.1 хувиар өссөн үзүүлэлт болохыг ОБЕГ-аас мэдээлсэн юм. Урьдчилсан байдлаар ойн 47.071, хээрийн 701.731, нийт 748.802 га талбай, таван байшин, 49 гэр, дөрвөн автомашин, долоон мотоцикл, малын 99 хашаа, 12 өвөлжөө, 5934 бог, 395 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл шатаж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумд өнгөрсөн сарын 29-нд гарсан ой, хээрийн түймрийг 19 хоногийн дараа буюу энэ сарын 17-нд цурманд оруулжээ. Түймрийн урд, зүүн, зүүн урд талыг бүрэн унтрааж, баруун хойд талыг цурамд оруулсан байна. Урьдчилсан байдлаар 11 915 га талбай өртжээ. Мөн Хэнтий аймгийн Дадал сумын Гачууртын овоо гэх газарт гарсан түймрийг өчигдрийн байдлаар бүрэн унтраав.
Ч.Туяа