“Дэй нэйчэ консерванси” олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын санаачилгаар Дөргөн нуурын экологийн тэнцвэрт байдлыг нь хамгаалах зорилготой олон талт уулзалтыг Ховд аймагт зохион байгуулжээ. Үр дүнд нь тус нуурыг хамгаалах цогц төлөвлөгөө боловсруулж, холбогдох байгууллага, орон нутгийн иргэдийн оролцоотойгоор хамтран хэрэгжүүлэхээр болсон байна. Тухайлбал, нуурын хамгаалалтын бүсийг 200 метрээр тогтоож, үүнээс дотогш хэсэгт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх, гэр, асар барихыг хориглох гэнэ. Хэрэгжилтэд нь байгаль орчны нөхөрлөлүүд болон орон нутаг дахь экологийн асуудал хариуцсан цагдаагийн алба хаагчид хяналт тавих аж. Харин Байгаль орчны газар болон тусгай хамгаалалттай бүсийн хамгаалалтын захиргааныхан нуур орчмын бохирдлыг бууруулахад анхаарч, хуримтлагдсан хог хаягдлыг Чандмань сумын төвлөрсөн цэгт тээвэрлэн хүргэх, жорлонгийн бохирдлыг тогтмол соруулж Хөхморьтын цэвэрлэх байгууламжид нийлүүлэх ажлыг хариуцахаар болжээ. Уулзалтад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Усны газрын мэргэжилтнүүдээс гадна Ховд, Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар, Хар нуур, Ховд голын сав газрын захиргаа, Чандмань, Хөхморьт сумын удирдлага, нутгийн иргэд, байгаль хамгаалах нөхөр - лөлүүдийн төлөөлөл оролцсон байна.
Ж.Сувд