Улс төрчид, бизнесменүүд нь хүүхдээр попорч, шоу хийж, хүүхдийн гэсэн зүйлийг нурааж сүйтгээд үгүй болсон манай нийгэмд үзэг нэгт сэтгүүлчид хүүхдийн төлөө нэгдэн дуугарч эхэллээ. Үүний түүчээ нь болох хүүхдийн төлөө мэдээлэх “Child.mn” сайтын нээлт өнөөдөр НҮБ-ын байранд болов.
Энэ үеэр мөн “Хүүхдэд ээлтэй сэтгүүл зүйн төлөө” уулзалт хэлэлцүүлэг болж, хүүхдийн төлөө сэтгүүлчид хамтран ажиллахыг уриалж нэгдсэн юм. Уулзалт, хэлэлцүүлгийг ХЭҮК-ын Хүүхдийн эрхийг хариуцсан гишүүн Ж.Хунан нээж, Монголын Хэвлэлийн хүрээлэнгийн багш, доктор Ц.Оюунтунгалаг “ХМХ-ээр хүүхдийг хэрхэн дүрслэн харуулж буй” талаар илтгэл тавьж судалгаа танилцуулсан юм.
ХЭҮК-ын Хүүхдийн эрхийг хариуцсан гишүүн Ж.Хунан хэлэхдээ, “Монгол Улсын хүн амын гуравны нэгийг хүүхэд бүрдүүлж буй хүүхдийн эрхийн асуудлыг өдөр бүр ярих хэрэгтэй. Цахим хэрэглээ хөгжсөн энэ цаг үед цахим орчинд хүүхдийг хамгаалах шаардлага тулгарч байна.
Цахим орчинд ямар эрсдэл байгаа талаар хүүхдэдээ ойлгуулах таниулах, хэвшүүлэх нь чухал. Хүн бүр цахим орчин дахь мэдлэг мэдээллээ дээшлүүлэх нь зүйтэй. Хүүхдийн зураг дүрсийг нийтлэхдээ үргэлж цаана нь дээд ашиг сонирхол явж байгаа гэдгийг ухамсарлаж, зөв зохистой хэрэглээг хэвшүүлэх шаардлагатай байна” гэлээ.
Монголын Баримт шалгах төвийн ерөнхий эрхлэгч Э.Батцэцэг “Мэдээллийн эко системд хүүхдийн талаар хуурамч, ташаа мэдээллийг хэрхэн түгээж ашиглаж буй” талаар, “Child.mn” сайтын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, сэтгүүлч А.Уянга “Хүүхдийн сэтгүүл зүйн хөгжил” сэдвээр тус тус илтгэл тавилаа.
Child.mn сайтын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал А.Уянга "Танайх Child.mn юм чинь хүүхдэд зориулсан контент хийдэг үү? гэдэг одоо асуултыг их асуудаг. Манайх хүүхдэд зориулсан контент биш хүүхдийн дуу хоолойг томчуудад хүргэх зорилготойгоор байгуулагдсан. Миний хувьд мэдээний сэтгүүлчээр бараг 7 жил ажиллах хугацаандаа Сэтгүүл зүйн Инновац Хөгжлийн Үүр Төв гэдэг байгууллагын хэрэгжүүлсэн "Урагш алхъя" төсөлд хамрагдсан. Ингээд хүчирхийлэлд өртсөн охидын дуу хоолойг олон нийтэд хүргэх "Охидын подкаст"-ыг хөгжүүлж эхэлсэн. Үүнээс хойш гурвал жил орчим ажилласаар, хөгжүүлсээр өнөөдөр бодлогоо танилцуулж буй манай Child.mn сайт бий болсон түүхтэй. Манай редакцын бодлогын гол үзэл баримтлал бол Монгол хүүхдийн дээд эрх ашгийг ямагт нэгт тавих. Үүнд хүүхдийн хөгжил, хамгаалал, эрхийн асуудлыг цогцоор авч үзнэ. Ингээд энэ үнэт зүйлээ баримтлан бид сэтгүүл зүйн бүтээлээр дамжуулан хүүхдийн эрхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдийн өөрсдийнх нь оролцоог нэмэгдүүлэх, хүүхэдтэй холбоотой асуудлаар бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад нөлөөлөх зорилгуудыг тодорхойлон ажиллаж байна" гэв.
“Хүүхдийн төлөө сэтгүүл зүй” сэдэвт хэлэлцүүлэгт “Өнөөдөр” сонины гадаад харилцаа хариуцсан орлогч эрхлэгч Б.Баярмагнай, “Gogo.mn” болон “Yolo.mn” сайтын ерөнхий редактор Р.Адьяасүрэн, МҮОНРТ-ийн Хүүхдийн нэвтрүүлгийн редактор Т.Агарзандан нар оролцлоо. Монголын Баримт шалгах төвийн ерөнхий эрхлэгч Э.Батцэцэг хэлэхдээ, мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллага, тэдгээрийн редакциудын хандалт өндөр болсон өнөө үед хүүхэдтэй холбоотой сэдвийг болгоомжтой хөндөх учиртай юм. Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл эсрэгээр хүүхдээр сенсаац хийн нийгэмд гарч ирж байгааг үгүйсгэхгүй.