Бамбай хоншоорт болон бусад төрлийнмогойд хатгуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах, хэрхэн сэргийлэх талаар Гэмтэл согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-өөс өчигдөр мэдээлэл өгөв. Тус эмнэлгийн Түлэнхийн төвийн эрхлэгч Ц.Нарантунгалаг “Өнгөрсөн онд могойд хатгуулсан зургаан хүн манай төвд хэвтэн эмчлүүлсэн. Энэ жил найман хүн эмчлүүллээ. Үүнээс зургаа нь хүүхэд байна. Хавдар, хордлогын шинж ихтэй үед эмнэлэгт хэвтүүлдэг. Тухайн хүн ихэвчлэн ямар могойд хатгуулснаа мэддэггүй. Хордлогын шинж тэмдгээр нь хортой могойд хатгуулсныг нь таньж болдог. Хазуулсан тохиолдолд хавдаж, хаван үүсэж, дараа нь хөхөрдөг. Энэ үед хорыг амаар сорж болохгүй. Мөн шингэн зүйл сайтар уух шаардлагатай. Эмнэлгээс хол байгаа үед хазуулсан хэсгийг усаар угааж, цэвэр зүйлээр боож болно. Хор биеэр тархсан бол ямар ч эрхтэн гэмтэхийг үгүйсгэхгүй. Маш ховор тохиолдолд цус задрах эрсдэл үүсдэг. Гэхдээ үүний улмаас хүний амь эндээгүй. Ахмад настан, хүүхэд хатгуулсан тохиолдолд хүндрэх эрсдэлтэй” гэв.
Энэ үеэр сэтгүүлчид цахим орчинд тархсан мэдээллийн талаар түүнээс тодруулсан юм. Бамбай хоншоорт могойд хатгуулсан нэг настай хүүгийн биеийн байдал болон ерөндөг олдохгүй байгаа асуудлыг лавлахад “Хүүгийн ар гэрийнхэнтэй уулзсан. Ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан тул би ярих боломжгүй. Манай улсад өмнө нь могойд хатгуулсан тохиолдол маш цөөн гардаг байсан. Тиймээс ерөндөг байхгүй. Эмийн компаниуд оруулж ирэх ёстой” гэсэн юм.
Ч.Болор