Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болсон хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалах байранд тодорхой хугацаанд байрлуулж, айдас түгшүүрээс холдуулдаг. Гэвч энэ байранд оччихоод өөр гэмт хэргийн хохирогч болох явдал гарсаар байна. Хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 19-нд нийслэлийн хүн ам ихтэй нэг дүүргийн нутаг дахь Түр хамгаалах байранд бага насны хүүхдүүд нэгнийгээ хүчиндсэн хэрэг гарчээ. Өдгөө нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллага Эрүүгийн хуулийн 12.2, 12.5 дугаар зүйлд заасны дагуу бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон гэх заалтыг үндэслэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Уг түр хамгаалах байранд амьдарч буй 13 настай охинд тэнд байгаа найм, 14, 15тай хөвгүүд халдсан аж. Өөрөөр хэлбэл, түр хамгаалах байранд насанд хүрээгүй хөвгүүд нийлж хохирогч охиныг нэмж хохироосон бололтой. Энэ талаар харьяалах дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн эрх бүхий албан тушаалтнаас тодруулахад “Хэрэг гарсан нь үнэн. Үүний дагуу хамтарсан багийнхан холбогдох хяналт шалгалт хийж байна. Шалгалтынхаа үр дүнг даваа гарагт (өнөөдөр) хэлэлцэж холбогдох арга хэмжээ авахаар ажиллаж байгаа” гэсэн юм. Цагдаагийн байгууллагынхан ч “Мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй, насанд хүрээгүй хүмүүс хохирч, холбогдсон учраас мэдээлэл өгөх боломжгүй” хэмээлээ. Яагаад дүүрэг, хаягийг нууцлав гэхээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 35.5-д “Түр хамгаалах байрны байршил нууц байна” гэж заасан учраас тэр. Түр хамгаалах байранд байгаа хүмүүс гэмт хэргийн золиос болсон тохиолдол ганц энэ биш.
Уг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 35.2-т “Түр хамгаалах байрыг төрийн, төрийн бус байгууллагын харьяанд, сум, аймаг, дүүрэг, нийслэлийн нутаг дэвсгэрийн харьяаллаар байгуулан ажиллуулж болно. Төрийн байгууллагын харьяанд байгуулсан түр хамгаалах байрны урсгал зардал, түр хамгаалан байрлуулж энэ хуульд заасан үйлчилгээ үзүүлэх зардлыг тухайн байгууллага хариуцна” гэж заасан байдаг. Хуулийн энэ заалтын дагуу улсын хэмжээнд гэрч, хохирогчийг хамгаалах 23 түр байр, нэг цэгийн үйлчилгээний 16 төв үйл ажиллагаагаа явуулдаг аж. Үүнээс зургаа нь цагдаагийн, дөрөв нь эрүүл мэндийн эмнэлгийн байгууллагад харьяалагддаг бол 29 нь нутаг дэвсгэрийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, хэлтэст харьяалагддаг гэнэ. Дээрх ноцтой хэрэг гарсан Түр хамгаалах байр бол дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн харьяанд үйл ажиллагаа явуулж буй юм билээ. Уг нь “Хохирогчийг түр хамгаалан байрлуулах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6040:2019” стандартын 7.8-д “Хохирогчийг хамт ирсэн гэр бүлийн гишүүдийн хамт байрлуулна. Ганцаараа ирсэн хүүхдийг эрэгтэй, эмэгтэй хүйсээр нь тусдаа өрөө, давхарт байрлуулахаар зохион байгуулсан байна” гэж заажээ. Стандартын энэ заалт дээрх түр хамгаалах байранд зөрчигдсөнөөс насанд хүрээгүй хүүхдүүд нэгэндээ халдаж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэх хэрэг гарсан байхыг үгүйсгэхгүй. Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрынхан өнгөрсөн оны сүүлчээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх болон Хүүхэд хамгааллын тухай хууль, Хохирогчийг түр хамгаалан байрлуулах үйл чилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6040:2019 стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор нийслэлийн найман дүүргийн түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд хяналт, шалгалт хийсэн байдаг. Энэ үеэр стандарт зөрчигдсөн байж болзошгүйг анзааралгүй орхисон юм уу. Яагаад энэ хэрэг гарчихав гэдэгт өөрсдийнхөө үйл ажиллагаанд эргээд нэг дүгнэлт хийвэл зүгээр сэн.
Өнөөгийн Ерөнхий сайд Н.Учрал хэдхэн сарын өмнө буюу өнгөрсөн өвөл УИХ-ын дарга байхдаа цагдаагийн байгууллагын дэргэдэх түр хамгаалах төвийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ “Түр хамгаалах байрны орчин нөхцөл зайлшгүй жишиг стандарттай байх ёстой. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 39 түр хамгаалах байр нэгдсэн удирдлага, нэг менежмент байхгүйн улмаас хариуцах эзэн, мөрдөх журмаасаа эхлээд тодорхойгүй, стандартгүй байгааг засах ёстой. Хамгаалах байруудыг нэгдсэн удирдлагад шилжүүлж, үйлчилгээ үзүүлэгч төрийн байгууллагууд менежментээсээ эхлээд шинэчлэгдэх нь чухал” гэдгийг онцолж байсан. Гэвч төрийн байгууллагын үйл ажиллагаа яст мэлхийнээс ч удаан учраас түр хамгаалах байранд жигшүүрт хэрэг гарчихлаа.
Түр хамгаалах байр ер нь хохирогч хүүхдүүдийг хамгаалж чаддаг болов уу, татвар төлөгчдийн мөнгөнөөс олгож буй хувьсах зардлыг илүү аваад байдаг юм биш биз гэсэн эргэлзээ, хардлага олон нийтийн дунд байдаг. Хэдэн жилийн өмнө нэгэн түр хамгаалах байрнаас хүүхэд оргож, улмаар гэмт хэрэгт өртөн цагдаагийн байгууллагад шалгуулсан. Энэ үед цагдаагийнхан тухайн хүүхдийг түр хамгаалах байранд нь хүргэхэд “эзэд” нь “Хаагуур оргож яваад ирэв” хэмээн хөл рүү нь өшиглөж угтан авч байв. Цагдаагийн хүүхдийн байцаагч тэр даруйд түр хамгаалах байрны ажилтанд ингэж хандаж болохгүйг хэлээд тухайн хүүхдийг тэнд өгөлгүй буцаагаад аваад явсан тохиолдол ч бий.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 35.4-т “Түр хамгаалан байрлуулах үйл чилгээний зардлыг нэг хүнд ногдох хувьсах зардлын хэмжээгээр тооцох бөгөөд хувьсах зардлыг тооцох журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан бол 36.2-т нь “Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх зардлыг энэ хуулийн 35.4-т заасны дагуу тооцож, улсын төсвөөс санхүүжүүлнэ” хэмээн тусгасан. Тэгэхээр татвар төлөгчдийн мөнгөнөөс түр хамгаалах байрны урсгал зардал, тэнд үзүүлдэг үйлчилгээний төлбөрийг гаргаж буй гэсэн үг. Түр хамгаалах байранд ирж буй хүний тоо, байрласан өдөр зэргийг өсгөж, илүү мөнгө төрөөс аваад байдаг юм биш биз гэсэн хардлага олон нийтийн дунд бий. Энэ эргэлзээг хэдийд тайлах бол.