Нийслэлд хамгийн ойр аялал жуулчлалын бүс нутаг гэгддэг Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газар дахь гол дурсгал болох Мэлхий хадны дэргэд цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана босгож, барилга барьж буйд иргэд шүүмжлэлтэй хандаж байна.
Горхи, Тэрэлж бол манай улсыг зорин ирж буй жуулчдын аяллын маршрутад багтдаг гол газар. Гадаадынхан тэнд уул, ус, ургамал ногоо жигдэрсэн үзэсгэлэнт байгалийг тольдохоос гадна Мэлхий хад, Аръяабалын хийд, Болорын агуй зэрэг өвөрмөц сонин тогтоц, өв соёлын дурсгалтай танилцаж, “Монгол олле” явган алхалтын замаар зорчдог юм. Гэтэл эл хөтөлбөрт багтдаг гол дурсгалуудын нэгийнх нь байгалийн үзэмжийг халхлан өндөр хүчдэлийн байгууламж босгоод байгаа юм. Ингээд зогсохгүй дэргэд нь барилга барьж эхлэв.
Орон нутгийн иргэд төдийгүй аялал жуулчлалын салбарынхан үүнийг эсэргүүцэж, “Мэлхий хадыг Тэрэлжийн аяллын хөтөлбөр, маршрутаас хасах цаг нэгэнт иржээ”, “Ахиж тийшээ жуулчин дагуулж очилтгүй боллоо”, “Тэрэлжийг гэр хороолол болохоос сэргийлж, барилга нэмж барихыг хязгаарлах байтал хол зайд цахилгаан дамжуулах байгууламж босгож, хэт төвлөрлийг дэмжлээ” гэх зэргээр шүүмжилж эхлэв. Зарим нь “Манай улс солонгосчуудад зориулж Тэрэлжид “Эйфелийн цамхаг” барьж байна” гэхчлэн ёгтоор бухимдлаа илэрхийлжээ.
Мэлхий хад орчимд үйд ажиллагаа явуулдаг жуулчны бааз, амралтын газрууд эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдохын тулд өмнө нь 2024 онд тэнд цахилгаан дамжуулах тулгуур баганын суурь босгосон. Үүнтэй холбоотой шүүмжлэл нийгмийн сүлжээнд эрчээ авсан тул Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамныхан тухайн үед эл асуудлыг анхааралдаа авснаа мэдээлж байв. Тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нь “Байгаль, соёлын дурсгалын үнэ цэн, ач холбогдлыг бууруулах зүйл хийсэн тохиолдолд эзэн холбогдогчоос нь шаардагдах зардлыг гаргуулж, сэргээн засуулах ажлуудыг хийлгэнэ” гэж хүртэл мэдэгдсэн. Харамсалтай нь, энэ хоосон хийрхэл, олон нийтэд таалагдах зорилготой амлалтууд ажил хэрэг бололгүй явсаар Мэлхий хад өдгөө үзэмжгүй, төмөр байгууламжид халхлагдав. Удахгүй хажууд нь өндөр барилга ч босгож болзошгүй нь.
Яагаад заавал Мэлхий хадны хажууд барилга бариулж, өмнө талд нь цахилгааны багана босгуулах болсныг Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргааныхнаас тодруулахад “Тэнд яг ямар зориулалттай барилга бариулж байгааг мэдэхгүй. Гэхдээ холбогдох байгууллагаас зөвшөөрөл аваад, эзэмшлийн газартаа хууль ёсны дагуу ажил хийж буйг нь шалгаж тогтоосон” гэдгээс өөр мэдээлэл өгч чадахгүй байв.
Н.Дүүл