Хичээлийн шинэ жил эхлээд гурав хонолоо. Гэвч зарим сургууль, цэцэрлэгийн засвар, өргөтгөл, шинэчлэлийн ажил дуусаагүйгээс хүүхдийн сурч боловсрох эрх зөрчигдөж байна. Уг нь шинэ хичээлийн жил эхлэхээс урьтаад сургууль, цэцэрлэгүүд засвараа дуусгаж, будаг ханхалсан анги, танхимд хүүхдүүдээ хүлээн авахаар бэлтгэдэг байсан билээ. Харамсалтай нь, барилгын засвар, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэгч компаниуд элдэв зовлон тоочиж хугацаанд нь ашиглалтад оруулдаггүйгээс хүүхдийн сурч боловсрол олж авах эрх зөрчигдөж байгаа гэхэд хилсдэхгүй. Түүгээр ч зогсохгүй төсвийн хөрөнгөөр барьж байгуулаад, үйл ажиллагаагаа явуулахад бэлэн болгочихсон сургуулийн барилгыг орон нутгийн Улсын комисс нь хүлээж авахгүй байгаа гэсэн гомдол ч Боловсролын яаманд ирсэн гэх. Ийм бөх зүрхтэй дарга нар орон нутагт байдаг гэж үү. Зарим сургууль, цэцэрлэгийн барилгын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг гэрэл зургаар толилуулъя.
Сүхбаатар дүүргийн зургаадугаар сургууль шинээр өргөтгөл барих газаргүйгээс хуучин байрныхаа дээр нэмж давхар барих ажил эхлүүлсээр 2-3 хичээлийн жилийг үдэв. Гурван жилийн өмнөөс л барилгыг шинэчлэх асуудал яригдаж, хүүхдүүдээ өөр сургуульд шилжүүлэн хичээллүүлнэ гэж байсан ч нэг жилээр хойшлуулсан юм даг. 2000 орчим суралцагчтай эл сургуульд давхар нэмэх хөрөнгийг Азийн хөгжлийн банк шийдэж, 4.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр их засвар, өргөтгөлийг эхлүүлсэн юм. 2026 оны есдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад хүлээлгэж өгөхөөр гэрээ байгуулсан хэмээн албаны хүмүүс нь 2024-2025 оны хичээлийн жил эхлэхэд мэдэгдэж байсан ч товлосон хугацаа нь өнгөрөхөд барилгын ажил ийм байдлаар үргэлжилсээр. Барилгын ажилтай холбоотойгоор анги, танхимын хүрэлцээгүйгээс шалтгаалан олон хүүхэд маш бага зайд хичээллэж буй аж.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн нутаг, ГХЯ, УНТЭийн дэргэд орших 16 дугаар цэцэрлэг энэ хичээлийн жилд шинэ байранд орох нь. Өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сараас газрыг нь ухаж, суурийг нь цутган эхлүүлсэн тус цэцэрлэгийн барилгын ажил өдгөө 98 хувьтай, 2027 оны нэгдүгээр сар гэхэд шинэ байрандаа хүүхдүүдээ хүлээж авна гэдгийг цэцэрлэгийн эрхлэгч Б.Болормаа хэлж байв. Ямар компани барилгыг шуурхай барьж гүйцэтгэж, ямар нь санхүүжилтийг нь авчхаад хоёр ч хичээлийн жил дамнуулан удаашруулж, ажлаа хугацаанд нь хийхгүй байна вэ гэдгийг хариуцсан яам, нийслэлийн Боловсролын газрынхан анхааралдаа авах ёстой биз ээ.
Сүхбаатар дүүргийн нутаг дахь манай улсын ууган сургуулиудын нэг лаборатори I сургуулийн засварын ажил хугацаандаа дууссангүй. Барилгыг нь хүчитгэх, цонх, хаалгыг нь солих ажил өнгөрсөн хичээлийн жил дуусахтай зэрэгцээд эхэлсэн. Харамсалтай нь, өргөтгөл, хүчитгэлийн ажлыг гүйцэтгэгч компанийнхан хугацаандаа ажлаа амжуулсангүй. Үүнээс шалтгаалаад тус сургууль дунд, ахлах ангийн сурагчдаа нэг өдөр танхимд, дараагийнхад нь цахимаар гэх хэлбэрээр 14 хоног хичээл, сургалтын үйл ажиллагаагаа явуулахаар болоод байна.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 10 дугаар цэцэрлэгийн багачууд энэ жил хичээлийнхээ байранд эрдэм боловсрол олж авч чадахгүй. Өнгөрсөн хавар гүйцэтгэгч компанийнхан ажлаа “гурилдсан”-ыг олон нийтийн сүлжээнд илчилсэн. Зургаан жилийн өмнө барьж ашиглалтад оруулсан ч дулааны алдагдал ихтэй, өвөлдөө маш хүйтэн байсан шалтгаан нь гүйцэтгэгч АТТАЧР компанийнхан улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийг авчихаад аймгийн холбогдох албан тушаалтнуудыг хулхидсаны илрэл.
Зүүн хойд талаасаа тоосго нь бутарч унан, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох эрхэд халдахуйц барилга барьсан АТТАЧР компанид Хэнтий аймгийн хууль хяналтын байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгаж, торгууль ногдуулсан байна. Мөн уг барилгыг хүлээн авсан ажлын хэсгийн ахлагчид хариуцлага тооцон ажлаас нь чөлөөлжээ.
Өдгөө барилгыг нурааж, шинээр барихаар болсон тул “Өгөөж өргөө” орон сууцын хотхонд байр түрээслэн хичээл сургалтын үйл ажиллагаа явуулахаар болж, анги танхимын эд хогшлыг нүүлгэж буй аж.