Африкийн зарим улсын төр засгийн эрхийг барьж буй удирдагчид ихээхэн хөгширч, тэгсэн хэрнээ эрх мэдэлтэй байх хугацаагаа сунгах гэж янз бүрийн арга, тактик хэрэглэсээр байдаг аж.
Поль Бия л гэхэд Камерун улсын Ерөнхийлөгчийн тангаргийг 2025 оны арваннэгдүгээр сард найм дахь удаагаа өргөөд байна. Энэ бү рэн эрх нь 2032 оны сүүлчээр өөрийг нь 100 нас хүрэхээс хэдхэн сарын өмнө дуусах юм билээ. Тэрбээр улсаа 1982 оноос удирдаж байгаа. Өнгөрсөн 44 жилд өөрийгөө хүрээлсэн холбоотнуудын тогтвортой, бат бэх сүлжээ бий болгож чадсан нь мэдээж. 93 настай энэ улс төрч Швейцарын Женевт хоёр сар гаруй болохдоо зарлиг, шийдвэрээ гаргасаар, ажлаа хийсээр хүмүүсийг халж сольсоор байсан гэдэг. Түүнийг эмнэлэгт байгаа гэх яриа гарсныг нарийн бич гийн дарга нь зургаадугаар сарын дундуур няцааж, эрүүл гэж мэдэгдсэн байна. Эцсийн эцэст Биягийн эриний төгсгөл холгүй, түүний зарим холбоотон суудлыг нь авахыг эрмэлзэж байгаа гэх хэл ам гарах болжээ. Зүгээр ч үгүй тэд нар нь өөр хоорондоо өрсөлдөж, энэ нь айхавтар тэмцэл, түүгээр ч барахгүй цэргийн эргэлтэд ч хүргэж болзошгүй хэмээн ахмад шинжээч, хатагтай Беверли Очиенг өгүүлсэн байх юм.
Угандагийн Ерөнхийлөгч Йовери Мусевени хэмээх 81 настай улс төрч 1986 оноос уг албыг хашиж буй, шинэ бүрэн эрх нь эхлээд удаагүй байна. Хүү Мухузи Кайнеругаба нь армиа удирдаж буйн хувьд өөртөө бусдын анхаарлыг нэгэнт татах болсон ч эцгийнх нь залгамжлагчийн тухай асуудал шийдэгдээгүй л байгаа юм. Беверли Очиенгийн үзэж буйгаар цэргийн дээд удирдлага хийгээд эрх баригч Үндэсний эсэргүүцлийн хөдөлгөөн эрх мэдлийн хувьд дотооддоо өөрийн гэсэн нарийн бүтэцтэй болохоор Угандагийн байдал нэн төвөгтэй гэнэ. Мухузи нь хүчтэй ааш араншинтай, эцэг нь эвийг нь олон дэмждэгтээ олны харааг нэлээд татаж байдаг аж. Тэрбээр улс төрийн байр сууриа илэрхийлэх нь давамгай, тэр дундаа цэрэг, армийн хүрээнээс хальсан асуудлаар, тухайлбал, долоодугаар сард хэвлэл мэдээллийн хэд хэдэн хэрэгслийг хаалгасан байна. Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн Германы сэтгүүлчдэд “Ерөнхийлөгч хүүдээ эрх мэдлээ шилжүүлэхийг нь бид ажиглаж байна” гэж ярьжээ.
Иймэрхүү үйл явдал Экваторын Гвинейд олон жил үргэлжилж байна. 1979 оноос эрх барьж буй Теодоро Обианг Нгема Мбасого хүүдээ суудлаа өгөх гэж байгаа ч юм шиг. “Теодорин” гэх хочоороо олонд танил болсон хүү нь 2016 оноос Дэд Ерөнхийлөгч байж, армиа хянаж байгаа аж. Тэрбээр Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцорч байна хэмээн эцгийнхээ өмнөөс зургаадугаар сард зарласан байдаг. Дарангуйлагч амьддаа залгамжлагчаа тодруулах, эсэхийг нь таашгүй.
Энэ онд Зимбабве улс Үндсэн хуульдаа өөрч лөлт оруулж Ерөнхийлөгчөө огцруулах магадлалыг ихээхэн багасгалаа. Парламент болон Ерөнхийлөгчийн бүрэн эрх таван жил байсныг долоон жил болгон өөрчлөхийг Парламентын нь хоёр танхим дэмжчихэв. Ерөнхийлөгчийг ард түмэн сонгодог байсныг эрх баригч ZANU-PF нам дийлэнх олонх байгаа парламент нь шийддэг болжээ. Ерөнхийлөгч Эммерсон Мнангагва өөрчлөгдөн шинэчлэгдсэн Үндсэн хуульд гарын үсэг зурж баталгаажуулсан ч сөрөг хүчин болон шинжээчид энэ асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулах ёстой хэмээн үзэж байна. Того, Кот-д’Ивуар зэрэг улсад сүүлийн жилүүдэд эрх мэдлийг хэвээр хадгалахад чиглэсэн нэмэлт өөрчлөлт Үндсэн хуульдаа оруулсан гэж Беверли Очиенг тэмдэглэсэн байна.
Ерөнхийлөгч, Парламентын дарга нарын холбоотон байсан хүмүүсийн хоорондын зөр чил дээр үүссэн эв эегүй байдлаас шалтгаалан Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах тухай яриа Сенегал улсад одоо ид оволзож байна. Эдний Ерөнхийлөгч, Парламентын спикер нь дээр өгүүлсэн улсуудынхыг бодвол харьцангуй нэлээд залуу юм.
Африкийн улсуудаас төрийн эрх хамгийн удаан барьж буй гурван удирдагч нь энэ оны эхний хагаст багтаж нөлөөгөө тэлэх, залгамжлагчаа тодруулах хугацааг хойшлуулах алхмаа хийж амжсан байна. Тухайлбал, Угандагийн 81 настай Йовери Мусевени нэгдүгээр сард сөрөг хүчнийхээ эсрэг хатуу харгис хандан байж луйврын сонгуулиар долоо дахь бүрэн эрхээ баталгаажуулж авав. Жибутид 78 настай Исмаил Омар Геллех дөрөвдүгээр сард зургаа дахь удаагаа 97 хувийн саналаар Ерөнхийлөгч болжээ.
Хүн амынх нь бараг 60 хувь нь 25-аас доош настай Африк дэлхийн хамгийн залуу тив мөртөө түүний газар нутгийн үлэмж хэсгийг хамгийн өндөр настнууд захирч байна. Гэтэл Astrobarometer байгууллагын судалгаагаар удирдагчдаа насны хязгаартай байлгахыг африкчуудын 76 хувь нь дэмжсэн байх юм.
Ажиллах хүч худалдаж, колоничлогдсоноор Африк тив Өрнөдийн ноёрхолд бүрэн оржээ. Энэ ноёрхол зэрвэс харахад тэгтлээ харгис хэрцгий байгаагүй ч маш сүйтгэлтэй, ядуу орнуудыг аж үйлдвэртээ амьдралын чухал зүйлийн хямдхан нийлүүлэгч байлгахад чиглэж байв. 1949 онд төрсөн, Буркина-Фасогийн Засгийн эрхэнд 1983 онд гарч ирсэн цэргийн залуу дарга, ахмад Томас Санкара ард түмнээ ийм дарлал мөлжлөгөөс чөлөөлөхийг хүсдэг ч Өрнөдийн боолчлолоос Африк бүхэлдээ чөлөөлөгдөж, нэгдэж, ард нийт нь боловсролтой болж, эрүүл мэнд, эх байгалиа хамгаалж чадаад, баялагтаа эзэн сууж байж л түүний зориод буй ирээдүйд хүрч болох байлаа. Дээд Вольт гэх нэртэй байгаад 1948 онд Буркина-Фасо болсон тус улсад 1983-1987 онд хувьсгал гарч нийгэм, улс төрийн эрс өөрчлөлт хийсэн байдаг. Энэ үйл явдлыг Томас Санкара удирджээ. Хувьсгалаас өмнө тус улс дэлхийн хамгийн ядуу орны нэг байж, эдийн засаг нь гадаадын тусламж, түү хий эдийн экспортоос хамаарч байв. Улс нь бү хэлдээ хямдхан ажиллах хүчний эх үүсвэр болж байлаа. 1983 оны наймдугаар сард цэргийн эргэлт хийсний дүнд Томас Санкара засгийн эрхийг авч, империализмын эсрэг, ардын ардчилсан байгууллын төлөө тэмцэх болов.
Томас Санкара “Би зөвхөн халуун хайртай Буркинагийн өмнөөс биш, зовж зүдэрч байгаа бүхнийг төлөөлөн ярьж байна” гэж хэлдэг, Патрис Лумумба, Нкрума нарын адил тусгаар тогтнол, ололт амжилт, ард түмнүүдийн эрх чөлөө, эв нэгдэл, Африк эвлэлдэн нэгдэхийн төлөө тэмцэж байв.
Томас Санкара 1987 оны аравдугаар сард Блез Комнаоре гэгчийн зохион байгуулсан төрийн эргэлтийн явцад амиа алджээ. “Африкийн Че Гевара” гэгдэж явсан түүний үйл хэрэг, үзэл санаа өнөөгийн Африкийн үндэсний тусгаар тогтнолын чиг баримжаа, бэлгэ тэмдэг нь болж байна гэж үздэг аж.
Санкара иргэдээ, улсынхаа хэр хэмжээнд л тохируулж амьдрахыг хүсдэг байж. Тэр өөрөө ер улсын удирдагч шиг эдэлж хэрэглэж тансаглаж байсангүй. “Рено-5” хөлөглөж удирдлагын зардлыг үлэмж хямдруулжээ. Авлигын эсрэг эрс тэмцэл хийж байв. Европын нэгэн жуулчин “Гаалийн ажилтны гарыг хүндрүүлэх нь ичгэвтэр явдал болсон тийм улсад би бас хөл тавьдаг юм байна” хэмээн дуу алдаж байсан гэдэг. Түүний үед дөрвөн жилийн дотор Буркина-Фасо хүнсний хувьд хараат байхаа больжээ. Бид ус, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хоёрд түшиглэж хөгжинө. Бид жижиг хоршооллын аж ахуйг илүүд үзнэ гэж Санкара хэлдэг байв. Улсынхаа нэр болгож сонгож авсан “Буркина-Фасо” гэдэг нь “Үнэнч хүмүүсийн орон” гэсэн утгатай үг юмсанж.
Р.Жаргалант