Төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн хөшөө, дурсгал нь тухайн үндэстний ой санамж, оюун санааны дархлаа, түүхийн үнэ цэнийг тээсэн нандин өв юм. Гэтэл өдгөө шийдвэр гаргагчид болон хувийн хэвшлийнхэн тэдгээрийг дур мэдэн нүүлгэн шилжүүлж, сурталчилгаанд ашиглах нь энгийн үзэгдэл болов. Тухайлбал, өнгөрсөн сард С.Зориг агсны хөшөөг Төв шуудангийн урд талбайгаас зөвшөөрөлгүй нүүлгэсний дараа олон нийтийн шахалтаар буцаан байршуулсан. Уг асуудал намжаад удаагүй байтал “Монос” компанийнхан “Back to school-2026” аяны хүрээнд С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулан нарын хөшөөний тавцан дээр хүүхдийн баримлуудыг дур мэдэн байрлуулжээ. Борлуулалт, ашиг орлогоо л нэмэгдүүлж байвал түүхэн хүний дурсгал, уран бүтээлчийн зохиомж, нийслэлийн дүрэм журам тэдэнд огт хамаагүй бололтой.
Нийслэлийн ИТХ-ын 2010 оны 55 дугаар тогтоолоор баталсан Нийслэлд хөшөө, дурсгал, хүндэтгэлийн самбар байрлуулах журмын 2.1, 2.2 дахь заалтад холбогдох тодорхой шаардлагуудыг тусгасан байдаг. Гэвч хотын удирдлагууд эл журмыг илтэд зөрчсөн үйлдлүүдэд дорвитой хариуцлага тооцохын оронд “Баримлуудыг албадан шилжүүлэх мэдэгдэл хүргүүлсэн” гэх төдийхнөөр аргацаасаар байгаа юм. Энэ мэтээр түүхэн өвд халдсан зөрчил давтагдсаар байгаа нь нийслэлийн захиргааны байгууллагуудын хяналт, зохицуулалтгүйг нотолсон бас нэгэн жишээ болов.
Э.Сүйлэн