Борооны дараахмөөгшиг олширсон хувийн сургуулиуд эхнээсэээ тараа таниулж, үүдээ барихдаа туллаа. Хичээлийн шинэ жил эхэлчхээд байхад сурагчдаа хүлээж авах нь бүү хэл, шүүхийн байгууллагаар асуудлаа шийдүүлэхдээ тулчихсан нь ч байх юм. Тодруулбал, “Монтэ Роза” сургууль “Наран трейд” ХХК-тай шүүхийн маргаан үүсгэсний улмаас 600 хүүхдийн эрхийг зөрчив. Есдүгээр сарын 1-ний өмнөхөн “Наран трейд” компанийнхан тус сургуулийн цонхыг хагалж, багш нарыг нь хөөж гаргаад, сурагчийн ширээ, сандал, эд хогшил, хүүхдүүдийн хувийн хэргийг нь хуу хамаад явчхаж. Энэ талаар эцэг, эхчүүд хэвлэлмэдээллийн байгууллагад хандаж, тус компанийг шүүхийн шийдвэргүйгээр ийм үйлдэл гаргасан нь буруу хэмээн мэдэгдсэн. Мөн сургуульдаа сурах боломжоор хангаж өгөхийг Боловсролын яамнаас хүссэн юм. Гэвч сургуулийн ширээ, сандал, хүүхдүүдийн хувцас, дэвтэр, ном бүгдийг нь хураачихсан, цахилгаан, ус, дулааныг нь тасалчихсан тул үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй байгаа гэнэ.
ШУНАЛ ИХЭДВЭЛ ШУЛАМ БОЛНО
“Монтэ Роза” сургууль “Наран трейд” компанийн өмчлөлийн сургалтын цогцолборт түрээсний гэрээгээр үйл ажиллагаа явуулж байжээ. Гэвч гэрээний хугацаа нь 2026 оны зургаадугаар сарын 15-нд дууссан төдийгүй өнгөрсөн хичээлийн жилийн түрээсний төлбөрийг хугацаанд нь төлөөгүй хэмээн “Наран трейд” компанийнхан мэдэгдэв. Иймд шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргасан гэжээ. Шүүхийн шийдвэрээр тус сургуулийн харилцах дансыг нь битүүмжилсэн ч нэрээ сольж, өөр данс ашиглан элсэлт авч, эцэг, эхчүүдээс төлбөрийн мөнгө нэхэмжилж, үйл ажиллагаагаа энэ байрандаа хэвийн үргэлжлүүлэх мэт буруу ойлголтыг зориудаар өгсөн хэмээн тухайн компаниас мэдээлсэн билээ. Тэгвэл “Монтэ Роза” сургуулийн захирал нь тухайн компанийн өмчийн барилгыг 15 жилийн хугацаатай түрээслэхээр байсан.Сургуулийнхаа жижиг байрыг зарж, нийт хоёр тэрбум төгрөг түрээсэнд төлсөн” хэмээн ярьжээ. Томчуудын энэ мэт “зодоон”-ы золиос нь хүүхдүүд болов. Сургалтын төлбөрөө цаг тухайд нь авдаг шигээ түрээсээ төлөөгүй захиралд ямар хариуцлага хүлээлгэх вэ. Шөнө оройн цагаар хулгайч мэт гэтэж, 600 орчим хүүхдийн сурах эрхийг хөсөрдүүлж, бичиг баримтаар нь “барьцаалсан” “Наран трейд”-ийн дарга нарт ёс зүй гэж алга уу. Энэ бол зөвхөн хоёр байгууллагын хоорондын асуудал бус, байргүй сургуульд сургалтын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгодог боловсролын яамныхны ч балаг юм. Тарьсан балгаа ухамсарлах нь бүү хэл, Боловсролын сайд, холбогдох газрын албан тушаалтнууд нь “надад падгүй ээ” гээд суух. Олон хүүхэд сурах сургуульгүй болчхоод байхад нийслэлийн Боловсролын газрын дарга А.Амартүвшин “Сурагчид харьяаллынхаа дагуу улсын сургуульд суралцах эрх нь нээлттэй” гэсэн бөөрөнхий хариулт өгсөн нь хэвийн зүйл үү. Ядаж шүүхийн шийдвэр гарах хүртэл хүүхдүүдийг сургуульд нь хичээллүүлэх боломжоор хангана хэмээн найдаж байсан талаар эцэг, эхчүүд учирлав.
Хувийн “хулхи” сургуулийн жишээ нэгээр тогтохгүй. Тухайлбал, “Australian smart school of Ulaanbaatar” сургуулийн бодит байдал цахим орчинд шуугиан тарих нь тэр. Англи хэл, технологийн чиглэлээр мэргэшсэн, Австралийн боловсрол олгоно гэх уриатай тус сургууль гаднаа гяланцаг, дотроо паланцаг байсныг нэгэн сэтгүүлч илчилж, шүгэл үлээсэн юм. Тэрбээр “Би 2023 онд охиноо энэ сургуульд элсүүлсэн. Сайн сайхан болгоно гэж эцэг, эхчүүдэд жил бүр амлалт өгдөг ч орчин нөхцөл нь улам дордсоор байна. Жишээ нь, хүүхдүүд 22 төрлийн дугуйлан, секцээс хоёрыг нь сонгож суралцах хуваарьтай ч эхний улиралд ормоор аядсан. Хичээл, сургалтын үйл ажиллагааг 100 хувь англи хэлээр явуулна гэсэн нь ч худлаа байсан. Япон хэл гэхэд долоо хоногт ганцхан удаа 20 минут ордог. Ингэхдээ ихэвчлэн дуу хуураар аргалдаг. Өдрийн хоол нь “хог”. Хүүхдүүд хордлого авдаг. Химийн багшаараа англи хэлний хичээлээ нөхүүлж орж байгаа. Анх орсон багш нар нь ажлаасаа бүгд гарцгаасан. Ямар ч стандарт байхгүй” хэмээн өөрийн фэйсбүүк хуудсандаа бичсэн юм. Олон хүн тухайн сургуулийн үйл ажиллагааг шүүмжлэхийн зэрэгцээ хувийн энэ мэт “хулхи” сургууль олширч, хүүхдүүдийг хохироож байгаа талаар санал нэгджээ. Харин тухайн сургуулийнхны зүгээс буруугаа ухамсарлахын оронд байгууллагын нэр хүндэд ноцтой халдсан хэмээн хувь хүнд хариуцлага тооцно гэдгээ мэдэгдэж. Хууль хяналтын байгууллагын ажлыг зааж суухын оронд алдаагаа засаад, хүүхдийг хохироохгүй байхын төлөө ажиллавал яасан юм бэ.
“Цонжин кибер”, “Амжилт кибер”, “Цэлмэг дижитал” гэх мэт сүржин нэртэй даржин сургууль ч олон байгааг цөөнгүй хүн ярьж байна. Шунал ихэдвэл шулам болдог гэдгээр боловсролыг бизнес гэж харж, элсэгчээ нэмэхийн тулд түрээсийг нь дийлэхгүй хэрнээ том байранд нүүж, эцэст нь олон хүүхдийг хөлдөө чирдэг явдлыг цэгцлэх цаг болжээ.
НИЙСЛЭЛД ТӨРИЙН ӨМЧИЙН 180, ХУВИЙН 170 СУРГУУЛЬ БИЙ
Улсын хэмжээнд өнгөрсөн хичээлийн жилд ерөнхий боловсролын 900 сургууль үйл ажиллагаа явуулжээ. Тэдгээрийн 717 нь төрийн өмчийнх бол үлдсэн буюу 183 нь хувийн хэвшлийнх. Олон улсын жишигт төр, хувийн сургуулийн харьцаа 90, 10 байвал зохистой гэж үздэг аж. Гэтэл манай улсад зуун ямаанд жаран ухна гэгчээр эл үзүүлэлт хоёр дахин их байна. Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Манайд төрийн өмчийн 700 гаруй сургууль байдаг гэж үзэхэд 80 орчим нь хувийн сургууль байх ёстой. Гэтэл зөвхөн Улаанбаатар төрийн өмчийн 180, хувийн хэвшлийн 170 сургуультай болчхоод байна. Хан-Уул дүүрэгт энэ байдал бүр гаарсан. Нөгөө зохист харьцаа алдагдсан. Хувийн сургуулиудад стандартын шаардлага тавьж, элсэгчгүй, олон улсын хөтөлбөртэй гэж ярьдаг ч үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэггүйг нь цэгцэлнэ” хэмээсэн. Чадах, эсэх нь эргэлзээтэй. Учир нь тэрбээр ингэж ярьсаар Боловсролын сайдаар хоёртоо сонгогдсон юм. Үнэхээр цэгцлэх хүсэлтэй юм бол анхнаасаа сургалтын үйл ажиллагааг нь эхлүүлэхдээ өндөр босго тогтоох ёстой бус уу. Хичээлийн байргүй, биеийн тамирын заалгүй хувийн сургуулиудыг хүлээж авснаас л асуудал үүсдэг нь нэгэнт тодорхой болчихлоо. Гэтэл түрээсний нөхцөлийг үндэслэн сургалт явуулах эрх олгосноос өнөөгийн байргүй сургуулиуд гудамжид хөөгдөж гарахдаа тулсан нь хатуу боловч үнэн. Цаад байгууллага нь түрээсний үнээ өсгөхөд дагаад сургалтын төлбөр нэмэгддэг. Энэ нь хувийн сургуульд хүүхдээ сургадаг иргэдийн нуруунд ачаа нэмдэг.
Тэгвэл эцэг, эхчүүд яагаад хувийн сургууль гэж хошуурдаг вэ гэсэн асуулт урган гарна. Хувийн сургуулийн сургалтын төлбөр жилийн 7-100 гаруй сая төгрөгийн ханштай байна. Хүүхдэдээ ерөнхий боловсрол эзэмшүүлэхийн төлөө тэрбум гаруй төгрөг зарцуулна гэдэг бэл бэнчинтэйнх үү, эсвэл хэрэгцээ юү гэдэг сонирхолтой. Ингэж сургах боломжтой гэр бүл манай улсад хэд бол. Түүнчлэн энэ жилээс “Дойче шуле” сургууль төлбөрөө 50-56 хувиар нэмэх шийдвэр гаргасан нь эцэг, эхчүүдийг ихээхэн бухимдуулжээ. Мөн “Логарифм” сургуулийн нэгдүгээр ангийн төлбөр 41 хувиар өсөж, 13.9 сая төгрөг болсон бол “Сант”-ынх дөрвөн саяар нэмэгджээ. Энэ мэт бүх сургуулийн төлбөр нэмэгдсэн байна. Жилд 20-30 сая төгрөгийн төлбөр ч дундаж орлоготой айл өрхөд “чанга”. Гэхдээ л зээл аваад ч хамаагүй хүүхдээ сургахыг хичээдэг нь улсын сургуулийн орчин нөхцөл, сургалтын чанар нь гологдож буйтай холбоотой. Хэрэв нэг ангид 35 хүүхэд сурдаг, орчин нөхцөл нь аюулгүй, багш нар нь ур чадвартай бол хүмүүс хүүхдээ улсын сургуульд л сургахыг хүснэ. Нөгөө талаас хувийн сургууль гэсэн нэртэй л бол сайн гэх буруу хандлага нийгэмд тогтсон. Хувийн сургуулийн ихэнх нь хүүхдүүдийг “мөнгө” хэмээн харж, ашиг олохыг боддог нь харамсалтай.
“PISA-2018” үнэлгээнд хамрагдсан эцэг, эхчүүдээс “Сургууль сонгохдоо юуг чухалчилдаг вэ” гэж асуусан байдаг. Асуулгын дүнгээс харахад оролцсон орнуудын эцэг, эхчүүдийн 92 хувь нь сургуулийн аюулгүй орчин, 89 хувь нь таатай уур амьсгал, 81 хувь нь сурагчийн академик амжилт гэж хариулжээ. 2022 оны судалгаагаар ч энэ байдал төдийлөн өөрчлөгдөөгүй аж. Үүнээс үзэхэд аав, ээжүүдийн хамгийн их чухалчилдаг зүйл нь академик амжилт бус, хүүхдийн аюулгүй орчин, хүн болох, төлөвшил олгох гэнэ. Улсын сургуулиудаа өөд нь татаж байж л боловсролыг бизнес болгоод байгаа нөхдийг “хазаарлаж” хүчирнэ. Төр нэг гараараа хувийн сургуулиудыг цэгцэлнэ гэчхээд нөгөөгөөрөө үйл ажиллагааг нь нээгээд байж болохгүй. Энэ жил л гэхэд шинээр хэд хэдэн сургууль үүдээ нээжээ. Үүний нэг нь Хан-Уул дүүргийн 23 дугаар хороонд байрлах “Империал итали сургууль”. Сургуулийн нээлтэд нь Хөдөлмөрийн баатар А.Долгор Монгол Улсын төрийн дуулал эгшиглүүлж, Ардын жүжигчин Б.Сарантуяа Италийн төрийн дууллыг уянгалуулж, ихэд сүржигнэв. Өндөр шилэн барилга, тансаг анги танхим, сайхан амлалт, америк, орос, хятад, сингапур, франц, итали, швед сургууль гээд гадаад нэртэй л бол сайн гэж ойлгодог байдал хэзээ нэгэн цагт цэгцрэх биз. Энэ бүхэн эцэстээ ерөнхий боловсролыг нийгмийн гарлаасаа шалтгаалан өөр өөрөөр эзэмших хэмжээнд хүргэж байна. Нийгэмд эргэшгүй хуваагдал үүсгэж байгааг төр бодлогоор засаж, залуурдахгүй бол оройтох нь.