Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны судлаач, мэргэжилтнүүдийн баг “Дотоодын аялагчдын аяллын чиг хандлага” сэдэвт судалгааг өнгөрсөн онд анх удаа хийж, үр дүнг нь олон нийтэд танилцуулсан билээ. Тэгвэл үүнтэй харьцуулан шинжлэх зорилготой хоёр дахь судалгааг тус байгууллагынхан өдгөө олон нийтээс цахимаар авч байна. Одоогоор үүнд 500 гаруй хүн хамрагдаад буй бөгөөд тэд аялал жуулчлалын тэргүүлэх бүс нутгаар Өмнөговийг нэрлэжээ. Судалгаанд хамрагдсан нийт аялагчдын 41.9 хувь энэ онд өмнийн говьд аялсан гэж мэдүүлсэн бол 38.5 хувь нь Архангай, 31.4 хувь нь Булган, 24.4 хувь нь ДарханУул, 24.2 хувь нь Өвөрхангайд очсоноо мэдүүлсэн байна. Дотоодын иргэд жуулчлалын улиралд буюу урин дулааны цагт хамгийн удаан хугацаагаар аялдаг ба ингэхдээ 8-9 аймаг дамждаг гэсэн урьдчилсан дүн гарчээ.
Монголын солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбооныхон мөн энэ үед солонгос жуулчдын зан төлөв, сэтгэл ханамжийн судалгааг анх удаа хийж байгааг мэдээлэв. Эдгээр судалгааны үр дүнд дотоодын аялал жуулчлалын чиг хандлагыг тодорхойлж, бодлого, шийдвэр гаргагчдад шаардлагатай баримт мэдээлэл, санал, зөвлөмж боловсруулах боломж бүрдэх гэнэ. Судалгааны багт ажиллаж буй докторант Б.Мөнхтогтох “Өнөө жилийн судалгааны үр дүнд дотоодын аялал жуулчлалын дүр зураг, монгол аялагчдын шинж байдлыг илүү бодитой тодорхойлох нөхцөл бүрдэнэ” гэсэн юм.
Н.Дүүл